Уншиж байна ...

Амазоны ширэнгэд зочилсон АНУ-ын анхны ерөнхийлөгч Жо Байден болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бүрэн эрхийнхээ хугацаанд Амазоны ширэнгэд зочилсон АНУ-ын анхны ерөнхийлөгч Жо Байден болжээ.

Тэрбээр Перу улсын нийслэл Лима хотоос өчигдөр буюу Ням гарагт Бразилын Манаус хотод нисэж очсон юм.

Манаус нь Амазоны бүс нутагт оршдог хамгийн том хот.

Байден энэ долоо хоногт Рио де Жанейро хотод зохион байгуулагдах Их 20-ын бүлгийн орнуудын дээд чуулганд оролцох бөгөөд замаараа ийнхүү Амазонд саатжээ.

Өчигдөр тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн “Marine One” нисдэг тэргээр Амазон болон Рио Негро голын бэлчир газрыг дээрээс нь үзэж сонирхсон байна.

Түүнийг Нобелийн шагналт Бразилын эрдэмтэн Карлос Нобре дагалдан явжээ.

Дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэд мод огтлох үйл ажиллагаа эрчимжсэн нь аюулын харанга дэлдэж байгаа. Манаус хотод Байден орон нутгийн удирдагчид, уугуул иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж, Амазоны ширэнгийг хамгаалах хүчин чармайлттай нь танилцсан байна.

“Дэлхийн ой модод агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж авдаг ч өнөөдөр минут тутамд 10 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх ой модыг огтолж байна” гэж Байден сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Амазоны ширэнгэ ойг аврах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг.

Бразилын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва 2030 он гэхэд улс орондоо мод огтлох явдлыг бүрэн зогсоохоо амлаад байгаа.

Ингэхийн тулд тэр Бразилын төрийн өмчит банкны харьяанд Amazon Fund нэртэй сан байгуулж, өндөр хөгжилтэй улс орнуудыг уг санд мөнгө хандивлахыг уриалдаг.

Манаус хотод дөрвөн цаг саатахдаа Байден тус санд $50 саяыг нэмж хандивлах шийдвэрээ зарлажээ.

Ингэснээр АНУ-ын Amazon Fund санд амласан нийт хандивын хэмжээ $100 сая болж байна.

Байден дараагийн ерөнхийлөгчдөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчтэй бодлогыг үлдээхээ энэ үеэр амлажээ.

Гэхдээ ирэх оны нэгдүгээр сард тангараг өргөх АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлтийг үл ойшоодог нэгэн тул Байдены засаг захиргааны үед гаргасан шийдвэрүүдийг цуцалж болзошгүй юм.

Трамп уур амьсгалын өөрчлөлтийг “худал яриа” гэж үздэг бөгөөд АНУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлж, цахилгаан хөдөлгүүрт автомашиныг дэмжсэн Байдены засаг захиргааны арга хэмжээнүүдийг цуцлахаа мэдэгдээд байгаа.

 

Эх сурвалж: Reuters