Уншиж байна ...

АШУҮИС-ийн судлаачид “Согтууруулах ундааны онцгой албан татварын бодлогын судалгаа"-ны үр дүнг хэлэлцүүллээ

П.Сайнжаргал, IKON.MN
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын “Согтууруулах ундааны онцгой албан татварын бодлогын судалгаа” үр дүнгийн хэлэлцүүлэг Блю Скай зочид буудалд зохион байгуулагдлаа.

Энэхүү судалгааг Эрүүл мэндийн тогтолцоо, Бодлогын судалгааны холбооны техникийн дэмжлэгтэйгээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын баг хийж, эхний үр дүнгээ хэлэлцүүллээ.  

“Согтууруулах ундааны онцгой албан татварын бодлогын судалгаа”-ны дэлгэрэнгүйг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Т.Ариунтуяа дараах байдлаар танилцууллаа. 


Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын талаарх олон улсын эрдэм шинжилгээний  нэр хүнд бүхий Лансет сэтгүүлд хэвлэгдсэн тоон мэдээллээс харахад:  

Согтууруулах ундаанаас үүдэлтэй алдаж байгаа амьдралын жил 100,000 хүн ам тутамд Монгол Улсад 3,000 жил, Казакстан улсад 1,750 жил, Хятад улсад 690 жил, Франц улсад 940 жил байна.

Монгол улсад согтууруулах ундаатай холбоотой олон бодлого хэрэгжиж байсан ч хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа архины зохисгүй хэрэглээ 1990 онд наймдугаарт эрэмбэлэгдсэн байсан бол 2022 онд хоёрдугаарт эрэмбэлэгдэж, дорвитой буурахгүй байгаа.

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй хүн амын бүлэг нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн амын бүлэгтэй харьцуулахад:

15-39 насны хүн амын дунд бүртгэгдсэн осол, гэмтлийн 60 хувь, 40-64 насны дунд бүртгэгдсэн хавдрын 18 хувь, 65 ба түүнээс насны дунд бүртгэгдсэн зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдэл 60 хувиар тус тус өндөр байна.

Олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн дунд архины тархалт 13 хувьтай байна. Тэр дундаа Төв Азийн улс орнуудад 11 хувьтай.

Монголчуудын хувьд 15-39 насанд 25 хувьтай буюу дэлхийн дундаж болон бусад хөрш зэргэлдээ улсуудын тархалттай харьцуулахад архины хэрэглээ өндөр түвшинд байна.  

Олон улсад согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын зөвлөмж, хөтөлбөрийн удирдамжийг санал болгож, Нийгмийн эрүүл мэндийн багц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

Хүн амын эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөтэй архи, тамхи, чихэрлэг ундаа, давс, хорт утаа үүсгэгч автомашин зэрэг бүтээгдэхүүнүүдэд  онцгой албан татвар тогтоох замаар  үнийн бодлогоор дамжуулан хэрэглээг бууруулах хөтөлбөр нь хамгийн үр дүнтэй гэдгийг нотолсон. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл татвар согтууруулах ундааны хэрэглээтэй яаж холбогдож байна вэ? 

Татварыг нэмэгдүүлэх буюу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнийг өсгөх замаар хэрэглээг бууруулах зохицуулалтыг татвар гэнэ. 

Үр дүнтэй татварын бодлого нь гурван давхар хожил авчирна. Согтууруулах ундааны хэрэглээ буурснаар өвчлөл, нас баралтыг буурч, төсвийн нэмэлт орлогыг бүрдүүлж, ядуурал тэгш бус байдлыг бууруулах чухал ач холбогдолтой.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмж, бусад орны туршлагаас харахад татварын бодлогоор дамжуулан хүн амын эрүүл, сайн сайхан амьдралыг нэмэгдүүлсэн туршлага олон бий.

Согтууруулах ундааны онцгой албан татварын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр Засгийн газрын түвшинд авч хэрэгжүүлэх уриалгыг олон судалгаа илтгэж байна. 

Энэхүү судалгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн дэмжлэг болон Эрүүл мэндийн бодлого, тогтолцооны олон улсын холбооны техникийн дэмжлэгтэй хийгдэж байна. Манай судалгаа зарласан төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан.  

Манай судалгааны гол зорилго нь онцгой албан татварын бодлого, хууль эрх зүйн орчныг судлах, оролцогч талуудын байр суурийг судлах, үр дүнтэй татварын бодлогод нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход оршино. 

  • Олон нийтэд нээлттэй цахим мэдээллийн сайтад 2007-2023 оны хооронд хэвлэгдсэн архи, согтууруулах ундааны онцгой албан татвартай холбоотой мэдээ материалуудыг судалсан.
  • Хууль, эрх зүйн орчин, бодлогын баримт бичгийг судалж үзсэн. Ингэхдээ эрх зүйн нэгдсэн мэдээллийн сан, шийдвэр гаргах түвшний хурлын тэмдэглэл, Хууль зүйн байнгын хороо, төрийн захиргааны байгууллагуудын мэдээ, тайлангуудыг авч судаллаа. 
  • Төрийн ба төрийн бус байгууллагуудын оролцогч талуудтай ганцаарчилсан ярилцлага хийсэн. Хэрэгжүүлэх болон шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцсон 20 гаруй хүнтэй ганцаарчилсан ярилцлагыг хийсэн юм. 

Зарим үр дүнгээс:

2007-2023 оны хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийт 250 гаруй мэдээ хэвлэгдсэн. Үүний 90 гаруй хувийг согтууруулах ундааны татвартай холбоотой мэдээ, мэдээлэл байсан бол үлдсэн 10 хувийг ярилцлага, судалгаа эзэлж байна.

Согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зорилготой бодлого, хөтөлбөрүүдийг үе үеийн засгийн газрын түвшинд олон ажлуудыг санаачлан, хэрэгжүүлсэн байна.

  • Улс төрийн санаачлуулга: 2010 онд Ц.Элбэгдорж “Архигүй монгол хөдөлгөөн”, 2011 онд Х.Баттулга “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо”, 2012 онд УИХ дахь эмэгтэй гишүүд согтууруулах ундааны албан татварыг нэмэгдүүлэхийг санаачлан, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх, сурагчдын дотуур байрны төлбөрийг санхүүжүүлэх, 2015 онд согтууруулах ундааны үйлчилгээний мөнгөн дүнгийн хоёр хувийг Нийслэл хотын албан татварт оногдуулах зэрэг санаачилгуудыг гаргасан.

Дээрх хугацаанд олон санаачилга гарсан боловч ямар үр дүнд хүрсэн талаарх нотолгоотой судалгаатай мэдээлэл бага. Ихэвчлэн сөрөг үр дагавартай холбоотой мэдээллүүд болох архинаас үүдэлтэй нас баралт, осол гэмтэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, осол гэмтэл зэрэг сөрөг мэдээлэл хэвлэгдсэн байсан.

Онцгой албан татварыг дандаа улсын төсвийг нэмэгдүүлэх, нэмэлт орлого бүрдүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, санаачилгууд ихэвчлэн хэвлэгдэж байсан.

Жилд 1,800 орчим хүн архины шалтгаанаар нас бардаг. 2011 онд этилийн спирт агуулсан чанаргүй архинаас болж 14 хүн амь насаа алдсан зэрэг мэдээлэл нийгэмд сенсацитай байсан.

Хоёр дахь зорилгын хүрээнд бодлогын баримт бичгүүдийг шүүж үзсэн.

Хуулийн өөрчлөлтөд хийсэн шинэчлэлүүдийг авч үзвэл согтууруулах ундааны татвартай холбоотой таван удаагийн өөрчлөлтийг хийсэн.

Үүнээс дурдвал: 

  • 2007 онд архины хатуулгаас хамаарч 40 хүртэлх градусын хатуулагтай дотоодын архинд хоёр ам,доллар, импортын архинд дөрвөн ам.долларын татвар ногдуулж байв. 
  • 2012 онд градусыг гурван бүлэгт буюу 25 хүртэл, 25-40, 40-өөс дээш гэж хуваасан.
  • 2015 онд ам.доллароор татвар ногдуулж байсныг төгрөг рүү шилжүүлсэн.
  • 2016 онд дотоод болон импортын архинд ижил татвар оногдуулав.
  • 2022 онд согтууруулах ундааны хатуулгаас хамаарсан 10 ангилалд татвар оногдуулав.

“Эрүүл монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд Ерөнхийлөгчийн 43-р зарлиг батлагдсан.

Мөн Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спортын зөвлөх асан Т.Мөнхсайханы удирдлага дор судалгааны баг ажиллаж, бодлого шийдвэр гаргахад дэмжлэг болж ажилласан байна.

Нийгэмд олон сөрөг үр дагавар учруулж буй согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг Ерөнхийлөгчийн түвшинд хөндөж, согтууруулах ундаатай холбоотой 10 гаруй хуулийг шинэчлэн баталж, онгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар ухуулга нөлөөллийг эрчимжүүлж, нийгэмд эерэг үр нөлөө үзүүлэх бодлогын шийдэл болж чадсан.

Судалгааны 3-р зорилтын хүрээнд бодлогын баримт бичгийг судалж үзэхэд халдварт бус өвчний дарамтыг бууруулах, онцгой албан татварыг нэмэгдүүлэх зорилтыг Алсын хараа – 2050, Эрүүл Монгол хүн – 2023, Тогтвортой хөгжлийн бодлого – 2030 зэрэг баримт бичгүүдийн эрүүл мэндийн хэсэгт  тусгасан байв.

Гэвч УИХ-ын 2021 оны 12-р тогтоолд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэх, боловсруулах ажлыг Хууль зүй дотоод хэргийн яам болон Хүнс хөдөө аж ахуйн яаманд хариуцуулсан байв.   

Хоёр яамны боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлал, судалгааг 2022 оны 03 сард Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүд ажилласан. Хурлын тэмдэглэлд бичсэнээр хуулийн төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд ажлын хэсгийг байгуулж, холбогдох судалгаа мэдээлэл гаргуулсан. Байнгын хорооны хуралдаанд “Монголын хүнсчдийн холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, судалгаа, нотолгоо бүрдүүлэхэд хамтран ажилласан талаар тэмдэглэсэн байв.

Хууль шинэчлэх ажил үе шаттай үргэлжилсэн. 2022 онд Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигаар Засгийн газарт дараах чиглэлүүдийг өгсөн. Үүнд татвартай холбоотой чухал гурван заалт орсон байдаг. 

  • Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх
  • Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах

Гол хууль нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль бөгөөд шинэчлэн батлагдсан хуулийн зорилго нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай гэж заажээ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн зорилтуудыг хангах, хэрэглээг бууруулах чиглэлд хуулийн зорилго уялдахгүй байв.

2022 онд буюу татвар нэмэгдэхээс өмнө хатуулаг гурван ангилалтай байсныг задлаад 10 ангилалтай болгосон. Хоёр жил тутам буюу 2030 он хүртэлх нэг литр цагаан архи, бүх төрлийн коньяк, шар айраг зэргийг татварыг харж болно.   

зураг
 

36-38 градусын хатуулагтай архины хувьд хоёр жил тутам хатуулгаас хамаарч 1,060-1,200 төгрөгийн нэмэгдэлтэй 2030 он хүртэл татварын өөрчлөлт шинэчлэлийг төлөвлөсөн. Шар айраг болон дарсны татвар өөрчлөгдөөгүй. Харин хамгийн өргөн хэрэглээтэй цагаан архины татвар 2 дахин нэмэгдсэн.  

Хууль батлагдсан учраас дагалдах хэд хэдэн журам шинэчлэгдсэн. Засгийн газрын 72 дугаар тогтоолоор архидан согтуурахтай тэмцэх тусгай санг байгуулах журам батлагдсан. Татвар ногдуулсан согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөг авна. Тусгай сангийн бүрэлдэхүүнд нийт төр болон төрийн бус байгууллагын 12 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан.

Төрийн байгууллагын төлөөлөлд Хууль зүйн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар орсон бол төрийн бус байгууллагын төлөөлөлд Монголын хүнсчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн тэнхим зэрэг төлөөлөл орсон байв.  

Хоёр дахь журам худалдан борлуулах зөвшөөрөл, гурван яамны сайдын хамтарсан тушаал 2023 оны есдүгээр сард гарсан.

  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж
  • Нийслэлд 1,000 хүн ам тутамд дөрөв байсныг зургаан хүн тутамд байхаар нэмэгдүүлсэн,
  • Аймаг, суманд 1,000 хүн ам тутамд дөрөв хүртэл байхаар тус тус тогтоосон.

Согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад онцгой албан татварыг нэмэгдүүлсэн боловч нөгөө талдаа худалдан борлуулах цэгийн тоог нэмж, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэл, худалдааг дэмжсэн зохицуулалт хийсэн.

Гурав дахь зорилтын хүрээнд оролцогч талуудтай ярилцлага хийж үзсэн. Ярилцлага хийсэн хүмүүсийг дотор нь улс төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, үйлдвэрлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл зэргээр ангилж үзлээ. 

Судалгаанд оролцогч нарын хувьд онцгой албан татварын бодлогыг дэмжиж буй байр суурь:

"Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн" нь хатуулаг өндөртэй архины зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр гаргасан үр нөлөөтэй бодлого гэж үзэж байв.  Жишээ нь япон, солонгосчууд зөөлөн архи буюу сөжү, саки уудаг Азийн соёлоос авч байгаа бодлого зөв гэдэг өнцгийг хэлж байсан.

Төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл архины хатуулгийг бууруулах бодлогыг дэмжсэн байгаа. Энэ бодлого нь өвчлөл, нас баралтыг бууруулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж чадна гэж байр сууриа илэрхийлсэн. 

Харин оролцогч нарын эсэргүүцэж байсан байр суурь нь татвар тогтоож, үнийг өсгөвөл шагийн архи, чанаргүй архи нэмэгдэх эрсдэлтэй. Залуучууд, эмэгтэйчүүдийн архины хэрэглээ нэмэгдсэн, согтууруулах ундаа худалдаалах цэг нэмэгдсэн, CU8 GS25 зэрэг дэлгүүрт насанд хүрээгүй хүн насанд хүрээгүй хүнд шар айраг борлуулж байгааг шүүмжилж байв. Үүнд зөвхөн татварын бодлого үр өгөөж өгөхгүй. Нийгмийн эрүүл мэндийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг дэмжиж байв

Засгийн газар байнга өөрчлөгдөж, солигдож байгаа нь аливаа бодлогын үр дүнг үнэлэх тогтмол хянахад саад болдог, импортын шар айргийн хэмжээ нэмэгдсэн зэрэг саналыг хэлж байсан.

Үйлдвэрлэгчийн хувьд хууль батлагдсан, нотолгоо, судалгаатай шийдвэр гарсан гэдгийг дэмжив. Харин согтууруулах ундааны татвар нэмэгдэж, үнийг нэмэгдүүлэх нь бусад бодисын донтолт, хортой, шагийн архи, чанаргүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх сөрөг талтай гэдгийг анхааруулж байв.

Үргэлжлүүлэн "Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго бол энэ судалгааны үр дүнг  төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл, оролцогч талуудад хэлэлцүүлэх, тэдний байр суурийг сонсох, ойлголтыг нэгтгэх чиглэлээр хэлэлцэхэд оршино.

Судлаачдын зүгээс хэлэхэд цахим орчинд архины хортой хэрэглээ, тархалтын талаарх мэдээлэл маш их байсан. Гэвч согтууруулах ундааны онцгой албан татвар, бодлогын үр нөлөө, үнэлгээ болон эрүүл мэндийг сайжруулсан талаар нотолгоо судалгаа хангалтгүй байлаа.

Бодлогын баримт бичгийн үр дүнд шинэчилсэн татварын бодлого бол үйлдвэрлэгч, импортлогч тал руу хэт чиглэсэн харин нийгмийн хамгаалал, нийгмийн эрүүл мэнд, хэрэглээг бууруулахад чиглээгүй байна.

Оролцооны хувьд үйлдвэрлэгч, хүнсний салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл хуулийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, хэрэгжүүлэх бүх шатанд оролцсон. төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх үе шатанд илүү оролцсон.  Харин судлаачид, татвар төлөгчид, эрүүл мэндийн салбарын мэргэжлийн зөвлөл, эрүүл мэндийн салбарын төрийн бус байгууллагын дуу хоолой оролцоо хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үе шатанд хангалтгүй байв.

Салбар дундын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн цогц бодлого хэрэгжүүлэх, оролцогч талуудын оролцоог хангах, онцгой албан татварын бодлогоор дамжуулан эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн болох архи, тамхи, сахар агуулсан бүтээгдэхүүн, ундааны үнийг нэмэгдүүлэх, харин хүнс, ногоо, сүү тараг, жимс зэрэг бүтээгдэхүүний үнийг бууруулах татварын бодлого, тогтолцоог сайжруулах, “эрүүл мэндийн татвар – health taxes” чиглэлд хамтарч ажиллах нь ач холбогдолтой" гэдгийг Т.Ариунтуяа доктор илтгэлдээ дурдаж байлаа.