Уншиж байна ...

"Яс" хочит Жон Жонс аваргын бүсээ хамгаалсан тоогоор дээд амжилт тогтоолоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт холимог тулааны UFC 309 тэмцээн боллоо. Энэ үдшийн гол үзүүлбэр "Яс" хочит Жон Жонс аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа Стип Миочичийн эсрэг хийсэн юм.

Өдгөө 37 настай Ж.Жонс UFC-д 23 дахь тулаанаа хийж, 22 дахь ялалтаа байгуулснаар аваргын бүсээ хамгаалсан тоогоор (12) дээд амжилт тогтоов.

Ж.Жонс бол өрсөлдөгчийнхөө бичлэгийг олон цаг судалж, түүнд тохирсон тактик боловсруулдгаараа алдартай тамирчин. Энэ удаад С.Миочичийн эсрэг шинэ "мэх" ашигласан нь домогт тулаанч Брюс Лигийн эргэлттэй өшиглөлт байлаа.

Тэрбээр Нью-Йоркийн алдарт "Мэдисон Скуар Гарден"-д цугларсан 20,000 орчим үзэгчдийн өмнө өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагасан юм.

Энэ талаар "Яс" Ж.Жонс "Зургаан сарын өмнөөс эргэлттэй өшиглөлтийг давтаж эхэлсэн. Таеквондогийн дасгалжуулагч маань манай гэрт ирж, хэдэн сарын турш энэ өшиглөлтийг өдөрт гурван цагаар давтаж байлаа" гэж тулааныхаа дараа онцолжээ.

Тэрбээр Брюс Лигийн алдарт эшлэл болох "Би 10,000 цохилт мэддэг хүнээс айхгүй. Харин нэг цохилтыг 10,000 давтсан хүнээс айдаг" гэж хэлсэн үгийг хэрэгжүүлснээ ярьсан юм.

Тулааны дараа Ж.Жонс зодог тайлсангүй. Бас дараагийн тулаанаар хэн нэгнийг онцолж дуудаагүй юм. 

Түүний тулааныг АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп, UFC-гийн тэргүүн Дана Уайт, тэрбумтан Элон Маск нар үзэж, сонирхсон. 

Мөн Д.Трампын хамт Роберт Кеннеди Жуниор болон Тулси Габбард, Вивек Рамасвами нарын улс төрчид уг тулааныг хүндэтгэлийн суудлаас үзсэн байна.

 

Эх сурвалж: BBC