-Он гарсаар 216 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 22.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан-
Авлигатай Тэмцэх Газрын /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэгтэй ярилцав.
-АТГ авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр ямар үр дүнтэй ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлэх үү?
-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан тоон мэдээллээс үзвэл, 2024 оны 11 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 1,373 гомдол мэдээлэл хүлээн авч шалган, 565 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 705 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 38 гомдол мэдээллийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад хүргүүлэн, одоогоор 65 гомдол мэдээллийг шалгаж байна.
Энэ хугацаанд нийт 1,742 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 304 хэргийг шүүхэд шилжүүлж, 427 хэргийг хааж, 62 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэн, 58 хэргийг нэгтгэн, 29 хэргийг түдгэлзүүлж, одоо 862 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан 216.001.848.689,75 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 22.520.070.774,0 төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан тоон үзүүлэлттэй байна.
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 22.4-д нийтийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.13-д хахууль авах гэсэн зүйл, заалтуудад өөрчлөлт орсон байна. Мөн хорих ялын хэмжээ нэмэгдсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар хариулт өгнө үү.
-Авлигын гэмт хэргийн тодорхой хувийг хахууль авах, өгөх гэмт хэрэг эзэлдэг. Хахуулийн гэмт хэрэг нь хувь хүн, хуулийн этгээд, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, тэдний хууль ёсны ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засгийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулж нийгмийн шударга ёсыг зөрчдөг үйлдэл учраас гэмт хэрэгт тооцдог. Энэ төрлийн гэмт хэрэг нууц далд байдлаар урьдчилан үгсэн тохиролцсон шинжтэй үйлдэгддэг учир илрүүлэх, шалгаж тогтооход хүндрэл учирдаг. Монгол Улсын 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд “Хээл хахууль авах”, 269 дүгээр зүйлд “Хээл хахууль өгөх”, 270.1 дүгээр зүйлд “Хээл хахууль зуучлах” гэмт хэргийг хуульчилж тухайн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу хясан боогдуулах замаар, эсхүл давтан, урьд нь хээл хахуулийн гэмт хэрэгт шийтгүүлсэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, 5-аас дээш 10 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай байсан.
Хууль тогтоогчдоос 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байна. АТГ энэ хуулийн 22 дугаар бүлэгт заасан 11 төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. “Хахууль авах” гэмт хэргийг хуулийн 22.4 дүгээр зүйлээр зүйлчилж байгаа бөгөөд хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн хахууль авах гэмт хэргийг 22.4 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт, нийтийн албан тушаалтны үйлдсэн хахууль авах гэмт хэргийг 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн хахууль авах гэмт хэргийг 22.4 дүгээр зүйлийн 5, 6 дэх хэсэгт зүйлчилж, нийтийн албанд томилогдох эрхийг хасах, торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялын сонголттойгоор ял оноож, хорих ялын хэмжээг 5-аас 12 жил хүртэл тогтоосон байсан.
Улмаар олон нийтийн шүүмжлэл, хууль сахиулах байгууллагын саналыг харгалзан УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт найруулгаар тус хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, шинээр 22.13 буюу “Хахууль авах” гэмт хэргийг нэмсэн. Энэ зүйл хэсгээр "Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд” буюу эмч, багш, гэх мэтчилэн нийтийн албан тушаалтанд хамаарахгүй этгээдүүдийн бусдаас хахууль өгөхийг шаардах, авах гэмт хэргийг зүйлчлэх юм. Өөрөөр хэлбэл хахууль авч буй этгээдүүдийг субъектээр нь ялгаж өгсөн гэсэн үг л дээ.
Харин нийтийн албан тушаалтнууд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хувьд 22.4 дэх хэсгээр зүйлчлэгдэх бөгөөд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 8 хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр, улс төрд нөлөө бүхий этгээдийн хувьд нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр өөрчилсөн.
Эрүүгийн хуульд “Хууль буцаан хэрэглэх”, “Хууль үйлчлэх цаг хугацаа”-ны тухай ойлголт байдаг. Тодруулбал гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн үг л дээ.
Энгийн үгээр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээд нь 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх цаг хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь дээрх өдрийн хуулийн өөрчлөлтөөс хойших цаг хугацаанд илэрвэл шүүхээс түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж ял оноох ойлголт юм.
-Улс төрд нөлөө бүхий этгээд нь хахууль авах гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуулийн үйлчлэлд хамаарах уу?
-УИХ-аас 2015 онд баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар хуульчилсан. Товчхондоо бол яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, яллагдагчтай оноох ялын талаар харилцан тохиролцох процесс юм. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн үеэс 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орох хүртэлх хугацаанд Улс төрд нөлөө бүхий этгээдүүд нь бусад албан тушаалтны нэгэн адилаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Харин Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Улс төрд нөлөө бүхий этгээдийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргүүдэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хязгаарласан.
-Нийтийн албан тушаалтан болон улс төрд нөлөө бүхий этгээд нь хахууль авах гэмт хэрэг үйлдэн хохирлоо нэн даруй бүрэн барагдуулж дууссан тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулах эрх зүйн үндэслэл бүрдэх үү. Энэ боломжтой юу?
-Энд нэг зүйлийг тодотгож хэлье. Хахууль авах, өгөх гэмт хэрэгт хохирол гэдэг ойлголт байдаггүй. Хэн нэгэн этгээдэд хохирол учруулсан гэж үзэхгүй. Хахуулийн мөнгө, бусад эд зүйлийг хууль бус эх үүсвэр, хууль бус орлого гэж үздэг. Тиймээс шүүхээр хахууль авсан этгээдээс хууль бус орлогыг гаргуулан Улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэр гаргадаг.
Нийтийн албан тушаалтны хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх боломжтой. Хэрвээ ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бол шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгоно гэсэн үг. Хэргээ ердийн журмаар шийдвэрлүүлж байгаа этгээдэд шүүх түүний үйлдсэн гэмт хэрэгт хуулийн дагуу олон зүйлийг харгалзан үзэж ял оногдуулна.
Улс төрд нөлөө бүхий этгээдийн хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хахууль авсан улс төрд нөлөө бүхий этгээдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй болж нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл ялын бодлогыг чангаруулж хорих ялын доод дээд хэмжээг нэмэгдүүлсэн.
-Хахууль өгөх гэмт хэргийн зүйлчлэлд шинээр өөрчлөлт орсон байна, энэ талаар мэдээлэл өгнө үү. Мөн хясан боогдуулсны улмаас болон аргагүй байдалд орсны улмаас хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилсэн бол ялыг хөнгөрүүлнэ гэж өөрчилсөн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
-Таны асуултад дурдсан өөрчлөлтийг хууль тогтоогчдоос 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. Иргэдийн дунд нийтлэг нэг ойлголт байна. Хахууль өгсөн хүн хахууль авсан этгээдийн нэгэн адилаар шалгуулдаг гэсэн ойлголт. Хахууль авч буй этгээдүүдийн тухайд хясан боогдуулах, аргагүй байдалд оруулах олон аргууд хэрэглэж болно. Тухайлбал иргэн, хуулийн этгээдийн асуудлыг шийдвэрлэхдээ цаг хугацааг хойшлуулдаг, санаатайгаар эс үйлдэхүй гаргадаг, тодорхой төрлийн шалтгаануудыг ярьдаг, ямар ч ач холбогдолгүй баримт сэлт шаарддаг зэргээр хясан боогдуулдаг. Ингээд аргагүй байдалд орохдоо хүн асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хахууль өгч байгаа юм.
Иймд тохиолдолд иргэд өөрийн үйлдсэн хахууль өгсөн гэмт хэргээ сайн дураараа илчлэн ирсэн бол түүний хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээр шийдвэрлүүлнэ. Харин шүүх байгууллагаас хахууль өгөгчийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлнө. Манай байгууллагын хувьд хахууль өгөх гэмт хэргийн дээрх нөхцөл байдлаар шалгаж, шийдвэрлүүлсэн олон практик бий.
-Хуулийн байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үед тулгардаг нийтлэг тулгамдсан асуудал байдаг уу. Жишээ нь хуулийн байгууллагаас хэрэгт холбогдсон этгээдийг саатуулах, баривчлаад удалгүй хэргийн этгээд нь суллагдчихсан байдаг. Үүнийг мөрдөх байгууллагын үйл ажиллагаатай холбосон нийгмийн шүүмжлэл, хандлага байна л даа, энэ талаарх таны хариултыг сонсъё.
-Хуулиар хүний эрхийг хязгаарлах буюу баривчлах, цагдан хорих асуудлыг ганцхан шүүх байгууллага л шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг шүүхээр хэлэлцэж шийдэж байна. Мөрдөх байгууллага болон Прокурорын байгууллага нь шүүхэд аливаа гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл үндэслэл байгаа тохиолдолд баривчлах, цагдан хорих саналаа гаргадаг.
Иргэд нийгмийн сүлжээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АТГ тэр албан тушаалтныг хориод гаргалаа гэсэн мэдээллийг авдаг. Ялангуяа олон нийтээс 48 цаг баривчлаад гаргачихлаа, яагаад үргэлжлүүлээд хорьдоггүй юм бэ, тэгвэл яах гэж саатуулдаг юм бэ гэх зэргээр шүүмжлэлтэй ханддаг тохиолдол бий. Хуулиар бусдын ам нас, эрүүл мэндэд хохирол учруулах, оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах зорилгоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хувьд бусад төрлийн гэмт хэргүүдээс ялгаатай, онцлог зүйл бий. Хахууль авсан, эсхүл албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн этгээдээс мэдүүлэг аваад явуулахад ямар үйл баримтыг шалгаж байгаа мэдээллийг задлах, түүнтэй холбоотой нотлох баримтуудаа устгах, засаж өөрчлөх, хуурамчаар үйлдэх, гэрч, хохирогч дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөх явдал түгээмэл байдаг.
Авлигын гэмт хэрэгт сэжигтнийг хуульд заасан үндэслэл, хугацаагаар баривчилсан тухайн цаг хугацаанд мөрдөгчийн зүгээс цаг хугацаатай уралдаж нотлох баримтыг шуурхай бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг цаг алдалгүй явуулж байгааг хэлэх нь зүйтэй.
Эх сурвалж: АТГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!