Их 20-ын бүлгийн орнуудын дээд чуулга уулзалт Даваа, Мягмар гарагуудад Бразилын Рио де Жанейро хотод зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээг угтуулан Бямба гарагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Бразилын тэргүүн хатагтай Жанжа Лула да Силва дэлхийн тэргүүн баян гэгддэг Илон Маскийг зохисгүй үг хэллэгээр доромжилжээ.
Тэрбээр сошиал орчинд худал хуурамч мэдээллийг хэрхэн зохицуулах сэдвээр ярих үедээ ингэсэн бөгөөд “хэлсэн үгэндээ хүч оруулахын тулд хараалын үг ашиглахдаа тэрбумтнаас айхгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Илон Маскийн эзэмшдэг Х компани болон Бразилын эрх баригчдын хооронд энэ оны турш зөрчил маргаан үргэлжилсэн юм.
Бразилын дээд шүүх худал мэдээлэл түгээж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэсэн хуудаснуудыг хаах шаардлагыг энэ оны эхээр Х компанид хүргүүлж байв.
Гэвч компани хүсэлтийг хүлээж аваагүй тул Х платформыг нэг сарын турш Бразилын зах зээлд хориглосон юм.
Сүүлд аравдугаар сард Х компани Бразилын эрх баригчдын шаардлагыг хүлээн авч, $5 саяын торгууль төлсний эцэст үйлчилгээгээ нээлгэж байжээ.
Бразилын тэргүүн хатагтайн өөрийнх нь талаар ярьж байгааг харуулсан дүрс бичлэгт Илон Маск “чанга инээж буй” эможи дүрсээр хариулсан байна.
Дараа нь Маск “тэд дараагийн сонгуульд ялагдах болно” гэж уг дүрс бичлэг дээр сэтгэгдлээ бичжээ.
Бразил улсын ерөнхийлөгчийн сонгууль 2026 онд болно.
2022 оны сонгуулиар зүүний үзэлтэй улс төрч Лула да Силва өмнөх баруунтан ерөнхийлөгч Жайр Болсонаруг цөөн саналын зөрүүгээр ялж байжээ.
Маскийн бичсэн сэтгэгдлийн талаар Бразилын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
Тэргүүн хатагтайг арга хэмжээнд үг хэлсний дараа ерөнхийлөгч Лула “Бид хэн нэгнийг гомдоох, хараах шаардлагагүй” гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!