Уншиж байна ...

Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл трамвайтай болоход $200 саяыг зарцуулна гэж төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөж буйг хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.

Түүний мэдээлснээр ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамтай болно. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гарч, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгджээ. BRT-ын шугамын урт 11.9км урт, 204.6 тэрбум төгрөгийн гадаадын эх үүсвэрээр байгуулах юм байна.

Энхтайвны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхгүй. Тиймээс Энхтайвны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс төв талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байгаа аж.

зураг
 

Түүнчлэн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамвайны урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд 2025 оны оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг барих гэнэ. Уг шугамын урт 20.4 км, Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 23 зогсоолтой. Төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжийн 160-220 сая ам.доллароор санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага байна. Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгүүд байхаар тооцоолжээ. 

зураг
 

Нийтийн тээврийн эдгээр төрлийг 2025-2027 онд нэвтрүүлнэ гэв.