Уншиж байна ...

"BRT-гийн хоёр шугамыг ирэх дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр тусгай замын автобус буюу BRT, хөнгөн галт тэрэг, их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны шугам, шинэ тойрог замын талаар онцолсон юм.

Тухайлбал тусгай замын автобусны хоёр шугамыг 2024-2028 онд багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Эхний шугам нь Сонгинохайрхан дүүргийн Толгойтоос эхлэлтэй Гэмтлийн эмнэлгийн арын замаар яваад III, IV хорооллын дундуур тусгай замаа тавьж, Тасганы овоогоор уруудаад хойгуур нь явсаар Сансрын тойргоор уруудаж, Нарантуул худалдааны төв дээр очих юм.

Хоёрдугаар шугам нь Яармагаас Тэмээтэй хөшөө хүртэл яваад буцаж эргэх төлөвлөгөөтэй байгаа.

Одоогоор тусгай замыг хотын төв рүү барих боломжгүй. Учир нь Энхтайваны гүүр гэхэд зөвхөн зорчих хэсэг нь тус бүр хоёр эгнээтэй. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий нарийн замын нэг эгнээг нь тусгай замын автобусанд зориулбал түгжрэл улам нэмэгдэнэ.

Тиймээс гүүрийг өргөтгөх, Тэмээтэй хөшөөнөөс Сүхбаатарын талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаан эгнээтэй болгохоор тендер зарлахаар төлөвлөж байна" гэсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн үргэлжлүүлэн LRT буюу хөнгөн галт тэрэгний талаар тайлбарласан юм. Тэрбээр "Улс төрчдийн хэрүүлийн алим болоод буй LRT буюу хөнгөн галт тэрэг ганц шугамыг л хийнэ.

Зунжин худалдааны төвөөс эхлээд эцсийн буудал нь Сүхбаатарын талбай байх юм.

Яагаад эцсийн зогсоол нь Сүхбаатарын талбай байх вэ гэвэл энд бүх нийтийн тээврийн уулзах цэгийг төлөвлөж байна.

LRT-гийн зардал нь метроноос 10 дахин бага, гурван жилийн хугацаанд барих боломжтой. Иргэдийн дунд газар чөлөөлөхтэй холбоотой шийдэх асуудал бий. 

Мөн ирэх сард багтааж Туулын хурдны замын тендерийг зарлана. Газар чөлөөлөх маргаан бага тул энэ ажлыг илүү хурдацтай хийнэ. Налайхын замын төгсгөлөөс Туул голынхоо хойд энгэрийг барьж яваад Дарханы хурдны замтай нийлэх юм.

Нийт 33 км замыг дөрвөн эгнээтэй, нийт найман гарцтайгаар төлөвлөсөн байгаа. Өмнөх алдаагаа давтахгүй байх үүднээс өнгөрсөн 30 хоногт инженерийн бэлтгэл ажлыг анх удаа хийлээ. 

Шинэ тойрог хурдны зам болон Яармагаас Хархорин орох дүүжин тээврийн ажил маргаантай байгаа.

Дүүжин тээврийг ирэх онд дуусгах ёстой ч аж ахуйн нэгжтэй асуудалтай байна. Цаг хугацаандаа юмаа хийдэггүй, дандаа шалтаг тоочдог. Ямартай ч эхний трассыг хийгээд хоёр дахь трассыг нь хийх эсэхээ иргэдийн саналаар шийднэ гэж бодож байна" гэж онцоллоо.