Сүүлийн үед сошиал хэрэглэгчдийн дунд “Bluesky” хэмээх нэр их яригддаг болоод байна.
Энэ нь тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг Х платформтой өнгө, лого, үзэгдэх талаасаа тун төстэй сошиал платформ юм.
Bluesky платформын хэрэглэгчид сүүлийн үед эрс нэмэгдэж, өдөрт нэг сая гаруй шинэ хэрэглэгч бүртгэдэг болсон мэдээлэл байна.
Уг мэдээг нийтлэгдэх үед 16.7 сая хэрэглэгчтэй болсон байжээ.
Гэхдээ энэ тоо хэдийнээ хуучирсан байж магадгүй.
Bluesky платформын гол онцлог нь “decentralized” буюу төвлөрсөн бус бүтэцтэй юм байна.
Шинэ платформыг Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси санаачилж байжээ.
Тэрбээр нэг удаа Bluesky-г хэн ч эзэмшдэггүй, Твиттерийн төвлөрсөн бус бүтэцтэй хувилбар болгох зорилготойгоо ярьж байв.
Гэхдээ Дорси 2024 оны тавдугаар сард уг төслийн удирдах зөвлөлөөс гарч, ямар ч хамааралгүй болсон байна. Тэр бүр есдүгээр сард өөрийн Bluesky хаягийг устгажээ.
Одоо үүнийг гүйцэтгэх захирал Жэй Грабер голлон удирддаг юм байна.
Bluesky анх 2019 онд байгуулагдаж байсан ч энэ оны хоёрдугаар сард л нийтэд нээлттэй болж байжээ. Үүнээс өмнө хязгаарлагдмал хүрээнд туршигдаж байсан юм.
Шинэ платформын хэрэглэгчийн өсөлт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой гэгдэж байна. Дональд Трамп ерөнхийлөгч болсноор түүнийг дэмжигч Илон Маск шинэ засаг захиргаанд ажиллах болоод байгаа.
Тиймээс улс төрийн шалтгаанаар Х-ийн зарим хэрэглэгчид Bluesky руу шилжиж байна.
Мөн сонгуулийн дараа зарим томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Х-ийг мэдээ түгээхдээ ашиглахгүй болж байгааг зарласан нь үүнд нөлөөлсөн байж болзошгүй.
Өнгөрсөн долоо хоногт Bluesky нь таталтын тоогоор Их Британийн App Store дэлгүүрийн төлбөргүй аппликэйшнүүдийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байв.
Поп дуучин Лиззо, жүжигчин Бэн Стиллер, жүжигчин, продюсер Жэми Ли Куртис зэрэг хэд хэдэн олны танил хүмүүс саяхан Х-ийн хэрэглээгээ хязгаарлаж, Bluesky руу шилжиж байгаагаа зарлаад байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!