Бямба гарагт Гүржийн сонгуулийн төв хороо өнгөрсөн сарын сүүлээр болсон парламентын сонгуульд эрх баригч нам ялсныг албан ёсоор зарласан байна.
Сонгуулийн төв хорооны дарга Гиорги Каландаришвили аравдугаар сарын 26-нд болсон сонгуульд Гүржийн Мөрөөдөл нам ялсныг зарлах үеэр нэг хүн түүн рүү хар өнгийн будаг цацжээ.
Будаг цацсан хүн нь ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн харьяалагддаг Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөн намын гишүүн Давид Киртадзе байсан гэнэ.
Үүний улмаас Каландаришвилигийн нэг нүд гэмтсэн бөгөөд Гүржийн дотоод хэргийн яам уг хэргийг шалгаж эхэлсэн байна.
Дүнг зарлах үеэр сонгуулийн төв хорооны байрны гадна олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал өрнөж байжээ.
Халдлагын дараа зүүн нүдээ боосон Каландаришвили танхимд буцаж ирээд сонгуулийн албан ёсны дүнгийн бичиг баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Гүржийн Мөрөөдөл нам энэ сонгуульд 53.9 хувийн санал авч, парламентын 150 суудлын 89-ийг нь авчээ.
Сонгуульд Оросын талыг баримтлагч эрх баригч нам ялсныг сөрөг хүчнийхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сонгуулийн дараа нийслэл Тбилиси хотод маргаантай сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн удаа зохион байгуулагдсан юм.
Сөрөг хүчнийг дэмжигч Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили бас сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үүнд Оросын нөлөө орсон гэж үзэж байгаа. Оросын эрх баригчид Гүржийн сонгуульд нөлөөлснөө эрс няцаасан юм.
Зурабишвили сонгуулийг дахин явуулахыг уриалж, шинэ парламент байгуулагдахад саад хийхээ амлаж байна.
Харин ерөнхий сайд Иракли Кобахидзе сонгууль шударга, будилаангүй болсныг мэдэгдэж, ерөнхийлөгч батлахгүй байсан ч сонгуулийн албан ёсны дүн гарснаас хойш 10 өдрийн дотор шинэ парламентыг хуралдуулахаа амлажээ.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гаргаж буй сөрөг хүчний бүх намуудыг хориглохоор сүрдүүлсэн юм.
Гүрж улс одоогоор Европын Холбооны гишүүний нэр дэвшигчийн статустай байгаа. Энэ сонгуулийн үр дүн Гүрж улсын цаашдын хувь заяаг шийдэхийг Брюсселийн эрх баригчид өмнө нь анхааруулж байв.
Энэ сарын эхээр Европын Холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель “сонгуулийн үйл явцад луйврын ноцтой сэжиг байгаа тул нухацтай шалгах шаардлагатай” гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!