Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд "Мээтэн" хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо.
Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Их Богд" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан юм.
Харин шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн шагналыг хүртжээ. Түүнчлэн барилдсан бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийн гишүүдээс хагас саятан хоёр, хүндэт зочдоос хагас саятан гурав, тасалбар худалдан авсан үзэгчдээс хагас саятан дөрөв, нийт есөн азтан тодруулсан байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!