Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 2022 оны нийслэлийн удирдлагуудын цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн газарт орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор баригджээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах хуучин "East" худалдааны төв байсан газарт хоёр блок 16 давхар үйлчилгээ болон орон сууц хосолсон барилга баригдаж ашиглалтад орох шатандаа оржээ. 

Тус газар нь одоогоор хувийн эзэмшил ч гэсэн өмнө нь уг газрыг олон жил гэрээний үүргээ зөрчин зориулалтын бусаар ашиглаж дамлан наймаалж ирсэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ хэлж байв.  Газар бол төрийн, ард түмний өмч учир энэ байдлыг таслан зогсоож тус газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж байсан билээ. 

Түүнчлэн өмнө нь байсан худалдааны төв шатаж засвар, ашиглалт хийлгүй олон жил болсон нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, гэмт хэрэг зөрчил ихээр гардаг байршил болоод байсан юм. 

Иймд 2022 онд тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар нийтийн эдэлбэр газарт бүртгэж, цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг гаргаж эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьж байв

Учир нь “East” төвийн бууринд “Бат цагаан” гэх шорон байсан бөгөөд манжийн үеэс л улбаатай уг шоронд эх орныхоо төлөө тэмцэж явсан Ж.Дамдинсүрэн, Д.Бодоо, С.Данзан зэрэг олон эр хоригдож байжээ. Мөн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан аж. 1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.   

Нийслэлээс цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж балгас болсон барилгыг 2022 оны долдугаар сард буулгаж дууссан. Гэвч газар эзэмшигч компани 2022 оны дөрөвдүгээр сард тухайн газар 16 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулчихсан байсан юм. Өнөөдөр тус барилга баригдаж дуусах шатандаа орсноос харахад тухайн үеийн нийслэлийн удирдлагууд хэлсэн амандаа хүрч хэлэлцээрийн ширээнд сууж чадаагүй бололтой. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг