Хотын төв хэсэгт хашаалаад удаж буй газруудын нэг болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах газарт барилга баригдаж эхэлжээ.
Уг газарт өмнө нь “East” төв буюу худалдаа үйлчилгээний газар байсан бөгөөд шатсан тул хашаалж орхисон нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд удсан юм. Улмаар үүнийг 2022 оны долдугаар сард нурааж суурин дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гарч байсан билээ.
Тодруулбал “East” төвийн бууринд “Бат цагаан” гэх шорон байсан бөгөөд манжийн үеэс л улбаатай уг шоронд эх орныхоо төлөө тэмцэж байсан Ж.Дамдинсүрэн, Д.Бодоо, С.Данзан зэрэг олон эр хоригдож байсан мөн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан аж. 1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.
Энэхүү түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг 2022 оны зургадугаар сард Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар гаргаж эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьж байсан юм.
Учир нь уг газрын эзэмшил нь нэгээс нөгөөд долоон удаа шилжиж дамжуулан наймаалж ирсээр одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж байжээ. Тэр үед Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар газрын тохижилтын асуудалд иргэдээс санал авахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байна.
Энэ явдлаас нэг сарын дараа буюу мөн оны долдугаар сард Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ дараах зүйлийг хэлж байлаа.
Газар бол төрийн, ард түмний өмч. Энэ газрыг олон жил зориулалтын бусаар ашиглаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, дамжуулан наймаалж ирсэн явдлыг бид таслан зогсоож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Улмаар долдугаар сарын сүүлээр тус газар дээрх “East” төвийн шатсан барилгыг нурааж дууссан юм.
Харин уг явдлаас гурван сарын өмнө тус газрын одоогийн эзэмшигч болох “Пром-Импорт” ХХК 16 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан байна.
Уг газар дээр одоогоор баригдахаар төлөвлөгдөөд буй барилгын мэдээлэл
Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан он сар өдөр
Улаанбаатар хотын өмнөх удирдлагууд цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж хэлсэн ч одоогоор цаасан дээр батлагдсан зүйл нь цэцэрлэгт хүрээлэн биш барилга тэр дундаа нийслэл хотод ихдээд буй гэж хэлэхэд хилсдэхгүй ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР л байна.
Тухайн газар нь хэзээнээс улсын өмч байгаад хувийн аж ахуйн нэгжид шилжиж дамжуулагдан наймаалж ирсэн нь тодорхойгүй байна. Мөн нийслэлийн удирдлагууд газар эзэмшиж байгаа компанитай тохиролцож чадаагүй нь тус газар дээр барилгын шав тавигдсан байгаагаас харж болохоор байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!