Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн барилгыг нурааж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл барилгыг нурааж дууссан болохыг нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлжээ.
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд удаж байгаа тус байршлыг ийнхүү чөлөөлж, суурин дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй.
“East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан гэдэг. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурханч Жүгдэрээр ахлуулан нэртэй бурханч, зураачид бүтээсэн бөгөөд уг бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг талаар түүхч Д.Өлзийбаатар ярьж байв. Манжийн үеэс л улбаатай уг шорон Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болжээ. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байсан гэдэг. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн түүхтэй ажээ.
Эх орныхоо төлөө тэмцэж байсан олон эр тэнд хоригдож байсан ба 1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.
Энэхүү түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан Цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!