Ердөө хоёр хоногийн дараа буюу энэ сарын 7-ны Пүрэв гарагт БНХАУ-ын Чөндү хотод олимпын бус төрлийн спортын их наадам буюу "World Games" нээлтээ хийнэ.
Наймдугаар сарын 17-ныг дуустал үргэлжлэх тус наадамд 34 спортын төрлөөр 4,000 орчим тамирчин 253 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
1981 оноос эхэлсэн тус наадамд Монголын баг тамирчид 2009 оноос хүч сорих болжээ. Тодруулбал Хятадын Тайпэйгийн Гаошюн хотод болсон тус наадамд сүмогийн төрөлд найман тамирчин оролцоход нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
Мэргэжлийн сүмод зодоглож явсан У.Бямбажав жиндээ түрүүлж, Р.Гантөгс, Г.Наранбат, С.Энхзаяа нар мөнгөн медаль зүүж байв.
Үүнээс хойш найман жилийн дараа дахин нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан байна. Тухайлбал сүмогоор М.Отгон алт, Ө.Очирхүү хүрэл, жиү жицүгээр Б.Мөнхгэрэл мөнгөн медалийн эзэн болжээ.
Харин 2022 онд АНУ-ын Бирмингем хотод болсон Дэлхийн наадамд Б.Бадрал сүмогоор мөнгөн медаль авчээ.
Энэ удаагийн наадамд манай улсаас таван спортын төрөлд хүч үзнэ. Тухайлбал бильяард, жиү жицү, самбо, сүмо, триатлоны төрөлд медалийн төлөө өрсөлдөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!