Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-д хяналт шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
2024 оны арваннэгдүгээр сард СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж үйлчилгээний талаар иргэнээс Авлигатай Тэмцэх Газарт гомдол ирүүлснийг Эрүүл мэндийн яаманд шалгуулахаар шилжүүлсний дагуу санхүүгийн шалгалт хяналт явуулахад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газарт хамтран санхүүгийн хяналт шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24 хүртэл явуулахад дараах зөрчлүүд илэрчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Төлбөртэй авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгчээс эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр шилжүүлэхийг шаардахыг удаа дараа зөрчсөн. 2022-2024 онд төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалснаар 478 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ мөнгөө СЭМҮТ-ийн дарга нар дотоод ажилчидтайгаа хуйвалдаж бэлнээр, хувийн дансанд шилжүүлж авдаг нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь таваас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар муугаар нөлөөлсөн.
2025 оны зургаадугаар сарын 30-нд, долоодугаар сарын 4-нд нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайд болон АТГ-т хандан, СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн сонгон шалгаруулалт, Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн. Үүний дагуу долоодугаар сарын 8-25-нд хяналт шалгалт явуулсан.
Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой дараах зөрчил илэрсэн. Тухайлбал тус арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлтийн эрх СЭМҮТ-д шилжиж ирсэн ч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө, үйл ажиллагааны удирдамж тус бүрээр батлаагүй.
Гэсэн атлаа Эрүүл Монгол хүн арга хэмжээний хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээт иргэний тав нь сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл судлаач мэргэжилтэй. Харин бусад зам гүүрний техникч, барилгын инженер зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй хүмүүстэй гэрээ байгуулж, цалинжуулсан. Гэрээт иргэний 14 иргэнтэй санхүүгийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө гэрээ байгуулж 1-3 дугаар сарын цалинд 70.7 сая төгрөг олгосон. Мөн санхүүжүүлэлтийн эрх шилжүүлэх хүчингүй болсон тушаал гарсан зургаадугаар сарын 12-ноос хойш 248 сая төгрөгийн 48 гүйлгээ гаргасан.
СЭМҮТ-ийн бүтцэд Сэтгэц, нийгмийн сэргээн засах төв гэж байхгүй, улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд биш гэдэг нь тогтоогдсон. Өөрсдөө зохиогоод хуулийн этгээд биш хүнд мөнгө шилжүүлсэн. Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагаа явуулахад зориулж ажлын байр түрээслэх 82.5 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг 6-7 дугаар сард гурван удаа зарласан ба тендер шалгаруулалтаас өмнө тавдугаар сард иргэн З-тэй үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай гэрээ хийсэн. Гэрээг СЭМҮТ-ийг төлөөлж хуулийн зөвлөх хүний нөөцийн ажилтан О байгуулсан боловч тус төвд ийм ажилтан байхгүй.
СЭМҮТ-ийн удирдлага болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчил илэрсэн. Зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр удирдах албан тушаалын тусгай шаардлага хангаагүй хүнийг албан тушаалд томилсон. Тухайлбал удирдлагын зөвлөлийн 9 гишүүний 5 нь албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангахгүй, хоёр нь хувийн хэргээ бүрдүүлээгүй тул шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй.
Удирдлагын зөвлөлийн гишүүдэд 24.9 сая төгрөгийн хууль бус нэмэгдлийг 2025 оны эхний хагаст олгоод байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй олон зөвлөх ажиллуулж, цалингийн зардалд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 22.4 сая төгрөг зарцуулжээ.
Эмнэлгийн тусламжтай холбоотой дараах зөрчлүүд илэрсэн. Төвийн хэмжээнд амбулаторид зөвхөн нэг эмч сэтгэл заслын үзлэг, оношилгоо хийж байгаагаас амбулаторийн сэтгэл заслын тусламж үйлчилгээний хүлээгдэл ажлын 29 хоног, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн хүлээгдэл 2025 оныг дуустал дүүрсэн байгаа бөгөөд зохицуулалтын арга хэмжээ аваагүй байна. 2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношны зөрүү гарсан. Төвийн хэмжээнд удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн аюулгүй байдал, хүний эрхийг ноцтой зөрчих тохиолдол их байгаа. Хүний эрхийн комиссоос зөвлөмж өгчихсөн байна.
Олон жил өвдөж шаналсан иргэдээс 500 сая төгрөгийг хулгайлсан энэ үйлдлийг иргэдийн мэдээллийн мөрөөр тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өнөөдөр СЭМҮТ-ийн удирдлагуудыг сольсон" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!