Олон нийтийн цахим сүлжээгээр УБТЗ-ын талаар гарсан зарим мэдээллийг тус нийгэмлэгийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодрууллаа.
-Олон нийтийн цахим сүлжээгээр УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэрэг агааржуулалтын системгүйгээс зорчигчид бухимдаж байгаа талаар шүүмжилж байна. Хүмүүсийг яагаад ингэж бухимдуулахад хүргэв. Энэ талаар тайлбар өгнө үү?
-УБТЗ олон арван жил нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдалтай тээвэр хийж ирсэн. Тус нийгэмлэгийн тээврийн тарифыг дээрээс олон жил тогтоон барьж ирсэн нь УБТЗ-ын хоцрогдлын үндсэн шалтгаан болсон.
Зөвхөн зорчигч тээврээс гэхэд УБТЗ жил бүр 60 шахам тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байлаа. Сүүлийн 10 жилээр тооцож үзэхэд л 350 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Хэрэв зах зээлийн зарчмаараа хөгжсөн бол өнөөдөр та бид хоёр ийм юм яриад сууж байхгүй байсан.
Харин сүүлийн гурван жилд УБТЗ-ын удирдлага төр, засагт асуудлаа шаргуу танилцуулж зөвшилцсөний эцэст тээврийн тарифын индексжүүлэлтийг хийж эхлээд байна. Үүний үр дүнд УБТЗ-ын 21 төрлийн тээврийн тарифын 2-оос бусдыг өртгөө нөхөх болон ашигтай түвшинд хүргэлээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн зорчигч тээврийн тарифыг 2023 оноос 50 хувиар нэмсэн нь жилдээ хүлээдэг байсан 60 тэрбумын алдагдлыг 50 хувиар бууруулсан. Цаашдаа зорчигч тээврийн үйлчилгээнийхээ чанарыг улам сайжруулахын тулд алдагдлыг бүрэн арилгахаас өөр арга зам байхгүй.
-Мөн олон нийтийн сүлжээгээр галт тэрэгний зүтгүүр хар утаа хаяж байгаль орчныг бохирдуулж байгаа бичлэг цацагдаж хүмүүс дургүйцлээ илэрхийлж байна. Үүнд тайлбар хийнэ үү?
-УБТЗ-ын ихэнх ачаа тээвэр зорчигч тээврийн адил олон жил алдагдалтай тээвэрлэлт хийж байсан. Энэ нь хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтийг бүрэн гүйцэд хийх боломжийг хязгаарлаж, зүтгүүр, вагоны ашиглалтын хугацаа хэтэрснээс гэмтэл гарч эвдрэх тохиолдол гардаг.
Олон нийтийн цахим сүлжээгээр тараад байгаа уг бичлэг нь 2022 онд 2ТЭ116-1730 зүтгүүр дээр гарсан хөдөлгүүрийн гэмтлээс үүдэлтэй тохиолдол. Уг зүтгүүрийг тухайн үед нь засаж одоо хэвийн ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байгаатай уялдуулан зүтгүүрийн паркаа шинэчлэх ажлыг Замын захиргаа боломжийнхоо хирээр хийж байна. 2017-2024 онд гол замын 2ТЭ25км маркийн 27 ширхэг шинэ зүтгүүр авсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!