Улаанбаатар хотын явган хүний замын хавтанг чулуугаар сольж буй ажлын явц болон зээл, түүхий эдийн талаар албаны хүмүүс өчигдөр орой хэвлэлийн хурал зохион байгуулав.
Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай "Нийслэл хотын гол гудамж талбайн явган хүний замын засварын ажлын нийт гүйцэтгэл 35%-тай үргэлжилж байна. Явган хүний замыг чулуун болгосноор халтирдаггүй, эдэлгээ, насжилт урт. Засварын ажлыг гүйцэтгэж буй компаниудаас "ТАСО” ХХК Монголд чулуу үйлдвэрлэдэг, боржин чулууны орд газартай. 26,000 м.кв талбай бүхий Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг чулуугаар тохижуулж байгаа юм.
Явган хүний замыг тохижуулж байгаа компаниуд өөрсдийн санал болгож буй дотоодын компаниудаас чулуугаа авч байгаа. Зарим компани Хятадаас чулуугаа худалдаж авч байгаа байх.
НЗДТГ-аас үндэсний үйлдвэрлэлийн чулуугаа авахыг уриалж, уулзалт зохион байгуулсан юм. Одоогийн тооцоогоор 31,000 м.кв талбайн чулууг монгол үйлдвэрүүдээс авсан байна. Бидний зүгээс 13 компанийн худалдан авалтад оролцож, нөлөөлөх боломжгүй.
Улаанбаатар хотын хэмжээнд эвдрэл ихтэй явган хүний замын хавтанг чулуугаар сольж байгаа. Хуучин хавтангуудыг дүүргүүдэд өгч, явган хүний замгүй байршилд дахин ашиглана.
Хятадаас ирсэн чулуу хагардаг гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч буй. Угаасаа чулуу хагардаг. Чулуу нь нар салхинд тэсвэртэй ч шидвэл хагардаг шинж чанартай" гэв.
Улаанбаатар хотын явган хүний замыг чулуугаар тохижуулж байгаа компаниуд:
“ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр "ТАСО” ХХК өөрийн үйлдвэрлэж байгаа чулуугаар явган хүний замыг тохижуулж байна. Хятад үсэгтэй боодолтой чулуу манай компанид хамаагүй. Бид өөрсдийн үйлдвэрлэсэн чулууг Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замд суурилуулж байгаа. "ТАСО” ХХК гаднын улсаас чулуу авчраад хотын удирдлагуудтай үгсэн зарсан юм шиг буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан байсан. Төрийн бодлогыг чулуу үйлдвэрлэгчдийн холбоо дэмжиж ажиллаж байгаа юм.
Х.Нямбаатар даргыг би сайн таньдаггүй байсан. Чулуу үйлдвэрлэгч 14 компанийн удирдлагуудтай хотын дарга уулзсан. Энэ үеэр Чех, Солонгос улсад судалсан судалгаа, Улаанбаатар хотыг хүнд ээлтэй, удаан настай чулуун замтай болгох зэрэг агуулгаар илтгэл тавьсан юм. Үүний дараа хотын дарга чулуугаа үйлдвэрлэ, хот хүлээж авна гэснээр ажил бодитоор хэрэгжсэн. Ингэхдээ Батлан даалтын сангаар дамжуулан чулуу үйлдвэрлэгч үндэсний бүх компани арилжааны банкнаас хоёр дахин бага буюу 9.3%-ийн хүүтэй үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хотын зүгээс санал болгож, олон компани зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн. Гэхдээ заримынх нь зээл бүтээгүй. Зээл нь бүтсэн компанийнхан үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа.
Манай компани технологийн бүрэн шинэчлэл хийж, Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг өөрсдийн үйлдвэрлэсэн чулуугаар тохижуулж байгаа юм.
Чех улсад чулууг хуурай аргаар суурилуулах технологийг гурван жил судалсан" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!