Нийслэл хотын гудамж талбай дахь хяналтын камерын тоо, чанарыг сайжруулснаар хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, нийтийн тээврийн автобус, аж ахуйн нэгжүүдийн хяналтын камераар хулгайлах гэмт хэрэг идэвхтэй үйлдэж буй этгээдүүдийг илрүүлэн 60 гаруй хувийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ тухай НЦУГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Э.Батбаяр "Нийслэл хотын гудамж талбай, олон нийтийн газрыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож байна.
Мөн нийтийн тээврийн автобуснуудад Монгол Улсын стандартад заасан хяналтын камерыг нэмэлтээр суурилуулснаар халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлж байна.
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн хулгайлах гэмт хэрэг идэвхтэй үйлдэж байгаа бүлэг 68 этгээдийн судалгааг гарган илрүүлж, 60 гаруй хувийг нь шүүхэд шилжүүлэн хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулсан.
Халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд иргэн, ААН-ийн оролцоо чухал бөгөөд гудамж талбайд суурилуулсан хүний царай таних камерыг ашиглаж байгаа юм.
Гэмт хэргийн хохирогчдын 85% нь эмэгтэй хүн болон хүүхэд.
Гэмт этгээдүүд хулгайлсан гар утасны банкны аппликэйшнийг ашиглан данснаас нь мөнгө авах өндөр эрсдэлтэй байгаа юм.
Иймд гудамж талбай, олон нийтийн газарт эд зүйлээ сонор сэрэмжтэйгээр авч явахыг зөвлөе" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!