Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэлгэрсайхан: Замын хураамжийг нэмнэ. Хэдэн зуун км яваад багахан мөнгө төлөөд байвал Монголд дэд бүтэц хөгжих боломжгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтийн санал бодлыг сонсож тусгах нээлттэй хэлэлцүүлгүүд салбар бүрд өрнөж байна.

Өчигдөр Зам, тээврийн салбарын хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан замын төлбөрийг нэмж, хувийн хэвшлийнхнийг зам барихад оролцохыг дэмжихээ илэрхийлэв.

Тэрбээр "Иргэд зам чанаргүй байна, эвдрэл их байна гэж байгаа. Иймд ирж буй жилийн төсвийн нэг онцлог нь шинээр зам тавихаа азнаад эдийн засгийн үр өгөөжтэй замууддаа анхаарч, хуучин замуудаа барьж дуусгах бодлого барина.

Замыг дан ганц улсын төсвийн хөрөнгөөр бус төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд болон бусад эх үүсвэрээр олон улсын жишгээр тавья гэж байгаа юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр зам тавьснаар өндөр төлбөртэй зам болно гэсэн үг. Их хэмжээний ачаа бараатай хүнд даацын машинууд олон зуун километр яваад ирэхдээ тун бага мөнгө төлдөг. Суудлын машин 1,000 төгрөг, ачааны машин 2,000-3,000 төгрөг л өгч байна. Ийм байдлаар цаашид Монгол Улсад дэд бүтэц хөгжих ямар ч боломжгүй.

Хүн сайн зам дээр явж, сайн үйлчилгээ авъя гэвэл мөнгөө төлөөд явдаг зарчимтай нийцэх ёстой учир замын хураамжаа нэмнэ. Төлбөртэй зам бий болгоод эхлэхээр хувийн хэвшил өөрсдөө орж ирнэ. Хаана ашигтай бизнес байна, тийшээ ордог нь бизнесийнхний жишиг.

Иймд эрх зүйн орчныг бүрдүүлээд өндөр төлбөртэй зам бариад өгвөл түүгээр үйлчлүүлж байгаа хүмүүс нь сэтгэл ханамжтай байна. Мөн төлбөрөө авдаг зарчим нь ч шударга болно. Замынхаа мөнгийг олохын тулд байгууллага, хувь хүн олон технологийг хэрэгжүүлнэ.

Үүнийг хамгийн өндөр ачаалалтай, Монгол Улсын импортын барааны 78 хувийг тээвэрлэж буй Улаанбаатарт хүргэж ирээд, 18 аймаг руу тарааж байгаа тухайн замыг тусгай зориулалтын хүнд даацын зам болгохгүй бол энэ зам дээр осол их гарч байна. Нийтийн хэрэглээний зориулалтаар баригдсан зам дээр хүнд даацын машин явснаар эвдэж дуусаж байгаа учраас тусгай зориулалтын хүнд даацын зам тавих нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл хувийн хэвшлийн компаниуд орж ирээд мөнгөө гаргана. Замаа тавиад нэг машинаас хэдэн төгрөгийн төлбөр авбал хэдэн жилийн дараа өртгөө нөхнө гэдгээ тооцох байдлаар явж байж л улс орон хөгжинө. Түүнээс биш төсвийн мөнгөөр зам бариад яваад байвал бид дийлэхгүй.

Замын төлбөрийг эхний ээлжид километр тутамд 10 төгрөг байлгахаар төлөвлөж байна. Ачааны машины тухайд туулах замын урт, ачааны жинтэй нь тооцож гаргана. Энэ мэтчилэн гаргасан тооцооллоо Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэлээ