Уншиж байна ...

McDonald’s компани мах бэлтгэлийн зориулалттай үхрүүдээ унгадаггүй болгох аргыг судалж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ McDonald’s компани өөрийн мах бэлтгэлийн зориулалттай үхрүүдийг хий гаргадаггүй болгох замаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулах арга замыг судалж байгаа гэнэ.

Үхэр болон бусад сүү, махны зориулалттай малын төрөл зүйлүүд хүнс тэжээл боловсруулахдаа хэхрэх, унгах замаар их хэмжээний метан хий гаргадаг нь нийт хөдөө аж ахуйн салбарын ялгаруулдаг хүлэмжийн хийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн албан ёсны тоо баримт байдаг.

Тэгвэл McDonald’s компани үүнийг бууруулах замаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахаар шийджээ.

Тус компани өөрийн мах бэлтгэн нийлүүлэгч Lopez Foods болон үр тарианы технологийн Syngenta компаниудтай хамтран шинэ төрлийн эрдэнэ шишийн тэжээл гаргаж авахаар ажиллаж байгаа юм байна.

Syngenta компани генетикийг өөрчлөх аргаар гаргаж авсан Enogen нэртэй эрдэнэ шишийн төрлийг бий болгожээ.

Enogen нь “цардуулыг богино хугацаанд чихэр болгон хувиргаж, үхэрт илүү их шим тэжээл өгөхийн хажуугаар түргэн шингэдэг” ферментийг агуулдаг юм байна.

Ийм тэжээл идсэн үхрүүдийн хоол шингээлт түргэсэж, хий бага ялгаруулдаг болох ажээ.

Бас Enogen эрдэнэ шишээр тэжээсэн үхрүүд нядалгааны жиндээ хурдан хүрдэг давуу талтай гэнэ.

Enogen эрдэнэ шишээр 1,000 үхэр тэжээхэд агаар мандалд ялгаруулдаг нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ нь 196 тоноор буурч, жилийн усны хэрэглээ нь 6 сая галлоноор (22 сая литр) буурах тооцоог Syngenta гаргасан байна.

McDonald’s компани 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилт тавиад байгаа.

Бас 2030 онд өөрийн ресторанууд, офисуудын хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт тавьжээ.

McDonald’s нь АНУ-ын үхрийн махны хамгийн том худалдан авагч юм.

 

Эх сурвалж: Business Insider