Уншиж байна ...

Гүржээс салан тусгаарласан бүс нутгийн иргэд Оросын хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн үймээн дэгдээжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гүрж улсаас салан тусгаарласан Абхаз мужийн иргэд өчигдөр Оросын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийн төслийг эсэргүүцэж, эрх баригчдынхаа эсрэг үймээн самуун дэгдээжээ.

Босогчид нийслэл Сухуми хот дахь засгийн газрын байрыг эзлэн авсны дараа эрх баригчид хуулийн төслийг буцаан татаж байгаагаа зарласан байна.

Энэ хуулийн төсөл батлагдвал Оросын хөрөнгө оруулалт, газар эзэмших эрх Абхазид баталгаажиж, хамгаалагдах байв.

Үймээний үеэр Абхазын ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр албан байрнаасаа зугтсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Абхаз муж 1999 онд тусгаар тогтнолоо зарлаж байсан юм. Улмаар 2008 оны Гүрж-Оросын дайны дараа Москва тус мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байлаа.

Гүрж улс Абхаз мужийг Орост “эзлэгдсэн” өөрийн газар нутаг гэж үздэг. Дэлхийн ихэнх улс орнууд бас Абхазыг Гүржийн нэг хэсэг гэж үздэг юм.

Кавказын уулсын бэл, Хар тэнгисийн эрэгт оршдог Абхаз нь үзэсгэлэнтэй байгалиараа алдартай. Шинэ хуулийн төсөл байгалийн унаган төрхийг эвдэж, үл хөдлөх хөрөнгө, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлнө гэж абхазчууд үзэж байна.

Абхаз нь бүр Зөвлөлтийн үеэс нийгмийн элит хэсгийнхний амралт, аялал жуулчлалын бүс нутаг байсаар ирсэн түүхтэй.

Өчигдөр Сухумид үймээн гарсантай холбогдуулан ОХУ-ын гадаад хэргийн яам Абхазид зорчихгүй байх, хэрвээ Абхазид байгаа бол аюулгүй байдалдаа анхаарч, аль болох хурдан гарч явахыг иргэддээ зөвлөжээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова тус бүс нутгийн дотоод асуудалд Орос улс хөндлөнгөөс оролцохгүйг мэдэгдээд санал зөрөлдөөнөө соёлтой, харилцан хүндэтгэсэн арга хэрэгслээр шийдвэрлэж чадаагүй сөрөг хүчнийхэнд харамсал илэрхийлсэн байна.

Сошиал орчинд тарсан дүрс бичлэгт хэдэн зуун хүн Абхазын парламентын байранд дайран орж, эд зүйлсийг эвдэн сүйтгэж байгааг харуулжээ.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр үймээн дэгдээгчид Абхазын ерөнхийлөгч Аслан Бжанияг огцрохыг шаардаж байгаа юм байна.

Энэ бол Абхазын эрх баригчдыг хүчээр огцруулж буй анхны тохиолдол биш юм.

2014 онд бас ийм үймээн дэгдэхэд тухайн үеийн Абхазын ерөнхийлөгч Александр Анкваб ордноосоо зугтаж байжээ.

Дараа нь тэр авлигын хэрэг, алдаатай бодлого, үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр огцорч байсан юм.

2014 оны үймээний дараа ерөнхийлөгч болсон сөрөг хүчний улс төрч Рауль Хаджимба 2020 оны үймээний дараа бас огцорч байжээ.

 

Эх сурвалж: BBC