Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Нямбаатар: V дулааны цахилгаан станцын тендерийг 2025 оны нэгдүгээр улиралд зарлана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын дарга Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг

  • Бүсчилсэн хөгжлийн бодлого
  • Хүний хөгжлийн бодлого
  • Эдийн засгийн бодлого
  • Ногоон хөгжлийн бодлого
  • Засаглалын бодлого гэж хувааж байгаа.

Улаанбаатар хотын талаар товч мэдээлэл өгөхөд 1954 онд анхны ерөнхий төлөвлөгөөг баталсан. Үүгээр манай хот 500,000 орчим хүнтэй байхаар төлөвлөгдсөн юм.

Үүнээс хойш 1962, 1974, 1986, 2000, 2013 онд ерөнхий төлөвлөгөөг шинэчилсэн.

1974 оны тооцоогоор 600,000 орчим хүн амтай, 84,000 автомашины даацтай гэж баталсан түүхтэй. 

Гэвч 1990-ээд оноос хойш нийгмийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс үүдэлтэйгээр 2000 оны статистикаар Улаанбаатар хот маань 700,000 хүнтэй байсан бол өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хүний тоо 1.8 саяд хүрсэн. Түр хугацаагаар оршин суудаг иргэдийг оролцуулаад бараг хоёр сая орчим хүн амьдардаг том хот болжээ.

Ингэснээр анхнаасаа 500,000 хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээний ачаалал хоёр сая хүнтэй хотын хэрэгцээг хангаж чадахаа больсон.

Өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийдээгүй байж зөвхөн сонгуульд зориулж тууз хайчилж явсаар олон зүйлийг орхигдуулсан байна.

Тодруулахад 1984 оноос хойш Улаанбаатар хотод нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмэгдээгүй. Сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан. Энэ жил өргөтгөсөн ч манай хотын дулааны асуудал автомашинаар бол "шар гэрэл нь ассан" байгаа.

Эрчим хүчний хувьд манай хот энэ өвлийг хэрхэн яаж давах вэ гэсэн байдалтай явж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сая бид анхны гаргасан дотоод бондоороо Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улсын Комисс хүлээн авсны дараа Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 МBт-ээр нэмэгдэнэ. Дараа жил мөн 150 МBт нэмэгдэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм.

Ирэх сарын эхний долоо хоногт багтааж 50 МBт хүчин чадалтай Хуримтлуур станц Багахангай дүүрэгт ашиглалтад орохоор төлөвлөж байна.

Харамсалтай нь эдгээр станцууд ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал арилахгүй. 

Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол эрчим хүч болон дулаан хангамжийн эх үүсвэрээ нэмэх юм.

Бид саяхан Улсын бүртгэлийн байгууллагаас V дулааны станц орон нутгийн өмчит компанийнхаа нэрийг авсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 300 MBt хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлана. Байршлын хувьд II цахилгаан станцын ард байх юм. Энэ ажлыг Нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариуцаж байна" гэж ярилаа.