Өчигдөр буюу Баасан гарагт Германы канцлер Олаф Шольц бараг хоёр жил завсарласны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцжээ.
Энэ үеэр тэр Украинаас цэргээ гаргаж, эхлүүлсэн дайнаа дуусгахыг Путинд уриалсан байна.
Мөн Украины дайнд Умард Солонгосын цэргүүдийг татан оролцуулсан нь хямралыг улам хурцатгаж буйг анхааруулжээ.
Кремлийн хэвлэлийн алба Шольц, Путин нар “Украины нөхцөл байдлын талаар нарийвчлан ярилцаж, илэн далангүй санал бодлоо солилцсон” гэж мэдээлсэн байна.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг Путиний тусгаарлалтыг сулруулсан, “Пандора хайрцаг”-ийг нээсэн үйл явдал хэмээн шүүмжилжээ.
“Пандора хайрцаг” нээх гэдэг нь урьд өмнө байгаагүй асуудлыг шинээр бий болгох гэсэн утгатай хэлц үг юм.
Берлиний албаны эх сурвалжийн мэдээлснээр канцлер Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, “шударга, удаан үргэлжлэх энх тайван” байдал тогтоохын тулд Киевтэй хэлэлцээний ширээний ард суухыг Москвад уриалсан гэнэ.
Шольц бас “Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд Герман улс урт хугацааны тууштай дэмжлэг үзүүлнэ” гэдгийг Путинд мэдэгджээ.
Хоёр удирдагч нэг цаг орчим хугацаанд ярилцсан бөгөөд цаашдаа холбоотой байхаар тохиролцон байна.
Энэ удаагийн утасны яриаг Германы тал санаачилсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Путинтэй ярихаасаа өмнө Шольц энэ талаар Украины ерөнхийлөгч Зеленскийтэй ярьж, мэдэгдсэн гэнэ.
Путинтэй ярьсныхаа дараа Зеленскийтэй дахин холбогдож, мэдээлэл өгөхөөр болжээ.
Кремлийн мэдээлснээр Путин энхийн яриа хэлэлцээ зөвхөн “одоогийн бодит нөхцөл” дээр үндэслэн явагдах ёстойг канцлерт хэлсэн байна.
Өөрөөр хэлбэл 2022 онд эхэлсэн дайнаас хойш Оросын хяналтад орсон Украины газар нутгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр явагдах ёстой гэнэ.
Путин бас энхийн гэрээ нь мөргөлдөөний суурь шалтгааныг шийдвэрлэсэн тохиолдолд зөвхөн байгуулагдахыг Германы канцлерт анхааруулжээ.
Энэ нь НАТО-гийн дорнод Европт хийж буй тэлэлтийг хэлж байгаа юм байна.
Шольц хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Путинтэй утсаар ярьж байсан юм.
Тэд хамгийн сүүлд Украины дайн эхлэхээс нэг долоо хоног орчмын өмнө нүүр тулан уулзаж байжээ.
Тухайн үед Орос улс Украины нутагт халдан довтлохгүй гэсэн Путиний амлалтыг Шольц авч байсан юм.
Берлиний эрх баригчид олон жилийн турш худалдаа, эрчим хүчний түнш Оростой харилцаагаа хэвийн хадгалахыг хичээж ирсэн байдаг. Гэвч энэ харилцаа Украины дайн эхэлсний дараа нурсан юм.
Өнөөдөр Герман улс нь Украинд үзүүлж буй зэр зэвсэг, санхүүгийн тусламж дэмжлэгийн хэмжээгээр зөвхөн АНУ-ын дараа орж байгаа.
Гэвч ирэх оны хоёрдугаар сард болох парламентын сонгууль Германы эрх баригчдад Украины дайныг дуусгах дарам шахалт бий болгож байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!