Мексик улсын нийслэлд зохион байгуулагдсан дэлхийн гоо бүсгүй шалгаруулах Miss Universe 2024 тэмцээнд анх удаа Дани улсын харьяат эмэгтэй түрүүлжээ.
21 настай бүжигчин, бизнес эрхлэгч, хуульч мэргэжилтэй Викториа Кьяр Тэйлвиг дэлхийн 120 гаруй улсын гоо бүсгүйтэй өрсөлдсөний эцэст Бямба гарагийн орой тэргүүн титмийг зүүсэн байна.
Өнгөрсөн оны ялагч Никарагуа улсын гоо бүсгүй Шейннис Паласиос түүнд титмийг шилжүүлж өгчээ.
Пүрэв гарагийн шигшээ шалгаруулалтын дараа 30 оролцогч тунаж үлдээд байсан юм.
Эдгээр тунасан бүсгүйчүүдийн усны хувцастай үзүүлбэрийн дараа 12 оролцогч шигшигдэж, дараагийн шатанд үдшийн даашинзтай үзүүлбэрээ толилуулжээ.
Дараа нь таван бүсгүй сүүлчийн шатанд шалгарч, төрөл бүрийн сэдвээр шүүгчдийн асуултад хариулсан байна.
Ингээд Дани улсын оролцогч Тэйлвиг түрүүлж, Нигери улсын оролцогч Чидимма Адетшина дэд байрыг, Мексикийн оролцогч Мариа Фернанда Белтран гуравдугаар байрыг эзэлжээ.
Шилдэг тавд Тайландын оролцогч Сучата Чуангсри, Венесуэлийн оролцогч Илеана Маркез Педроза нар шалгарсан байна.
Miss Universe тэмцээнийг зохион байгуулагчид энэ жилийн тэмцээнээс эхлэн оролцогчдод тавьдаг нэлээд хэдэн шалгуураа өөрчилсөн юм. Үүний үр дүнд 28 настай ээж Педроза шилдэг таван оролцогчийн нэг болж, түүхэнд нэрээ үлдээж байна.
Тухайлбал Miss Universe тэмцээн 72 жилийнхээ түүхэнд анх удаа энэ жил 28-аас дээш настай эмэгтэйчүүдэд оролцохыг зөвшөөрсөн юм.
Үүний үр дүнд өмнөх жилүүдийн шалгуурыг хангахгүй байсан 20 гаруй эмэгтэй энэ жилийн тэмцээнд өрсөлдсөнөөс Мальта улсын Беатрис Ниояа хагас шигшээ шатанд шалгарсан анхны 40-өөс дээш настай оролцогч болжээ.
Насны хязгаараас гадна энэ жилээс хөл хүнд, хүүхэдтэй, гэр бүлтэй эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөг болоод байгаа.
Энэ жилийн тэмцээнд Куба улс гоо бүсгүйгээ илгээсэн нь 1967 оноос хойших анхны тохиолдол болжээ. Бас Беларусь, Эритрей, Арабын Нэгдсэн Эмират Улсууд анх удаагаа оролцсон байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!