Уншиж байна ...

Америкчуудыг эрүүлжүүлэх уриатай Трампын баг онгоцны бүхээгт түргэн хоол зооглов

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп шинэ засаг захиргааныхаа гол албан тушаалуудын томилгоог зарласаар байгаа.

Өнгөрсөн Пүрэв гарагт тэр эрүүл мэндийн сайдаараа ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн зээ Роберт Кеннедийг томилж байгааг зарласан юм.

Трамп энэ томилгоог зарлахдаа “Америкчууд дэндүү удаан хугацаанд хүнс болон эм үйлдвэрлэлийн компаниудын дарамтын дор амьдарлаа” гэж хэлээд нийтийн эрүүл мэндийг тэргүүн зорилго болгохоо мэдэгдэж байв.

Хуйвалдааны онолч, вакцины эсрэг хөдөлгөөний зүтгэлтэн 70 настай Кеннеди олон жилийн турш иргэдийн хоол хүнсийг эрүүлжүүлэх замаар Америкийн таргалалтын гамшгийг зогсоохыг уриалж байжээ.

Гэтэл өчигдөр Трамп болон түүний ойрын хүрээнийхэн нисэх онгоцонд McDonald’s-ийн түргэн хоол зооглож байгааг харуулсан гэрэл зургаа нийтэлсэн байна.

Бямба гарагийн орой Трамп, Кеннеди, Илон Маск, Трампын ууган хүү бага Дональд нар ялалтын баяраа тэмдэглэж, Нью-Йорк хотод UFC (Ultimate Fighting Championship) холбооны холимог тулааны тэмцээн үзсэн юм.

Бага Дональд уг зургийг сошиал хуудсандаа нийтлэхдээ “Америкийг Дахин Эрүүлжүүлэх ажил Маргаашаас эхэлнэ” хэмээн хошигнон бичжээ.

Зураг дээр хамгийн тухгүй, гэмшсэн царайтай гарсан хүн нь Кеннеди байлаа.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт нэг подкаст сувгаар ярихдаа тэр Трампын хоолны дэглэмийг шүүмжилж байсан юм.

“Тэр үнэхээр муу хүнс хэрэглэх юм. Сонгуулийн кампанит ажлын үеийн хоол мэдээж муу байгаа. Гэхдээ Трампын онгоцондоо иддэг хоол бол зүгээр л хор юм. Ямар ч сонголт байхгүй, KFC эсвэл Big Mac” гэж Кеннеди ярьж байжээ.

Дональд Трампын хувьд түргэн хоолонд дуртайгаа нуудаггүй.

Аравдугаар сард тэр кампанит ажлынхаа хүрээнд Пенсильвани мужид очихдоо McDonald’s сүлжээний нэг салбарт хэсэг ажиллаж үзүүлсэн юм.

Энэ үеэр тэр тухайн салбарын ажилтанд “Би давсанд дуртай” гэж хэлж байжээ.

Кеннедийн томилгоог Сенат эцэслэн батлах ёстой. Трампын Бүгд Найрамдах намын зарим гол хууль тогтоогчид түүнийг энэ ажилд тохирох эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж эхлээд байна.

 

Эх сурвалж: AFP