Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг дараах мэдээллийг өгөв.
Бага насны хүүхдүүдээс гадна сургуулийн насны хүүхдүүдийн ханиад хүндэрч эмнэлэгт хэвтэх нь олон байгаа аж. Сургуулийн насны хүүхдүүдэд эцэг эхийн анхаарал маш сул байна. Удаан ханиалгаж яваад хатгаатай болж амьсгал авч чадахаа больтол нь анхаарахгүй байна гэдгийг эмч онцлов.
Ханиад нь хүндрээд эмнэлэгт хэвтсэн хүүхдийг эмнэлгээс гарсан даруйд нь дархлаа нь бүрэн гүйцэд сэргээгүй байтал сургууль, цэцэрлэгт нь явуулбал хамгийн түрүүнд ханиад хүрэх, өмнөх ханиад нь улам хүндрэх эрсдэлийг үүсгэдэг байна. Иймд өрхийн эмч гурван хоногийн давтамжтай тухайн хүүхдийг хянаад сургууль, цэцэрлэгтээ явж болно гэсэн үед нь явуулахыг санууллаа.
Халуурах нь дархлааны систем ажиллаж эхэлж байгааг илэрхийлдэг учир 38 хүртэлх халууныг хувцсыг нь нимгэлэх, шингэн юм уулгах, жин тавьж буулгах харин өндөр халуурах буюу 38-38.5-аас дээш халуурвал халуун буулгах арга хэмжээ авч эмийг эмчийн заалтаар хэрэглэхийг зөвлөв.
Учир нь худалдааны нэршил нь өөр өөр байдгаас нэг эмийг маш олон төрлөөр нь ашиглачихсан тохиолдол байдаг. Лаа хийчхээд сироф эм, шахмал эм уулгачихсан байдаг. Гэтэл тэр нь яг адилхан найрлагатай байх жишээтэй. Энэ нь элэг, ходоод гэмтээх эрсдэлтэй учир заавал эмчийн заалтаар эмийг хэрэглэх ёстой гэв.
Амьсгалын замын эмгэгээр өвдсөн хүүхдийн асаргаа сувилгаа нь 80 хувь, 20 хувь нь таарсан эм, тангаа цаг хугацаанд нь хэрэглээд хянагдаад явах гэдгийг эмч сануулав. Ус, хярам, цай зэрэг шингэж зүйлсийг сайн уулгах хэрэгтэй. Харин ундаа, жүүс, чихэр зэрэг чихэрлэг төрлийн зүйлсийг хориглоно. Чихэрлэг зүйлс нь гуурсан хоолойг агшаадаг учир цэр, салстыг ховхолж гадагшлуулах эмчилгээтэй харшилдаг байна. Хоолыг ойр ойрхон багаар хоол идүүлэх хэрэгтэй гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!