Уншиж байна ...

"Хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь нэг минутын турш тоолж хатгаа болсон эсэхийг нь шалгаарай"

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг дараах мэдээллийг өгөв. 

Томуу, томуу төст өвчний улирал 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг бөгөөд одоогоор томуу илрээгүй харин томуу төст өвчний Реновирус, Синцитиалвирус, Аденавирус илүү давамгай байгаа юм байна. 

"Хүүхэд халуурч ханиалгаад цээж нь хонхолзож, амьсгал нь олширвол хатгаа болсон байна гэсэн үг"

Хоёр хүртэл насны хүүхэд ханиад шуухинааны үед өндөр халуурна, хоол, хөхөндөө муудна, уйлагнасан, байнга тэврүүлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Харин хатгаа болж хүндэрч байгааг илтгэх шинж буюу амьсгал олшрох, ханиах, цээж хонхолзох шинж илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй гэдгийг зөвлөв. 

  • Цээж хонхолзох: Амьсгал авах үед хавирганы нуман доогуур дотогшоо татагдахыг хэлнэ. 
  • Амьсгал олшрох: Амьсгаадах. Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг хэлнэ. 
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой.

  • 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
  • 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
  • 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон  амьсгалж байвал амьсгал олширсон байна гэж үзнэ.

Иймд гэрийн нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийнхээ амьсгалыг бүтэн минутад тоолж үзэхэд амьсгал нь олширсон, цээж хонхолзсон, халуурч ханиалгаж байгаа бол хатгаа болсон байна гэж үзээд яаралтай өрхийн эмчдээ хандах хэрэгтэй гэв. 

Хатгааг өрхийн эмч гурав хоногийн давтамжтай үзэж хянаад гэрээр эмчлэх боломжтой харин амьсгалын дутагдал илэрсэн байгаа тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байдаг аж. 

Суурь эмгэгтэй буюу тураалтай, цус багадалттай, хөөнгө, мариалаг хүүхдүүд мөн хавсарсан эмгэгтэй буюу эмчийн хяналтад байдаг зүрх, дотоод шүүрлийн эмгэгтэй хүүхдүүд хатгаа авахаараа хүндрэх эрсдэлтэй байдаг тул заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг байна. 

"Гаднаас орж ирээд гараа угааж, хоолой амаа зайлаад хувцсаа бүрэн сольсныхоо дараа хүүхдэдээ ойртох хэрэгтэй"

Эцэг эхчүүдийн хувьд гаднаас орж ирээд энгийн боловч дараах зүйлсийг тогтмол хийж байж хүүхдэдээ ойртож байхыг эмч зөвлөв.

  • Гараа сайн угаах. Туршилтаар томчууд гараа зөв угаадаггүй учир цэцэрлэгийн хүүхдүүдээс ч дутуу угаадаг нь харагдсан гэдгийг эмч онцлов. 
  • Хоолой, амаа маш сайн зайлах. Зөвхөн гараа угаачхаад хүүхдээ үнсээд байж болохгүй гэв. 
  • Бүрэн хувцсаа солих ёстой. Учир нь хувцсанд шингэсэн үнэрээс хүүхдийн гуурсан хоолой агшиж цээж нь шуугих шалтгаан болдог аж.