Уншиж байна ...

О.Хулангийн тоглох "ВуХан ШенФан" багийн талаарх БАРИМТУУД

Э.Тэмүүлэн, iKon.mn
59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монгол улсын шигшээ багийн болон "Улаанбаатар Амазонс" багийн тоглогч О.Хулан БНХАУ-ын Үндэсний Дээд Лиг буюу WCBA-ийн “ВуХан ШенФан” багтай гэрээ байгууллаа.

Ингэснээр О.Хулан БНХАУ-ын мэргэжлийн дээд лигт данстай болж буй анхны монгол тамирчин болж байна. 

Онолбаатарын Хулан 1999 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний өндөр нь 180 см. Хамгаалагч, жижиг довтлогчийн байрлалд тоглодог. Тэрбээр 2017 оноос мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн бөгөөд дэлхийд чансаагаараа 187 дугаарт бичигдэж байна.

зураг
 
зураг
 

О.Хулан 2021 онд болсон Токиогийн олимпод Монголын багийн тугчаар сонгогдож, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эх орноо төлөөлж байв. Өнгөрсөн жил 5х5 сагсан бөмбөгийн төрөлд Ханжоуд болсон Азийн наадамд оролцож, энэ жил тивийн аварга, 3х3-ын ДАШТ, ВуХан хотод болсон цомын тэмцээнд хүч сорьсон.

Тэрбээр өнгөрсөн жил Азийн наадамд оролцох үедээ БНХАУ-ын шигшээ багийн эсрэг 16 оноо авч, багаа тэргүүлснээр мэргэжилтнүүдийн хараанд өртжээ.

Ингэснээр шинэ багийнхаа улирлын өмнөх бэлтгэлд уригдаж, дөрвөн мужийг хамарсан бэлтгэлийн тоглолтод 20 оноо, 9 самбараас бөмбөг авснаар "ВуХан Шенфан" багийнхаа дасгалжуулагчдын анхаарлыг татсан байна.

"ВуХан ШенФан" баг хасагдах шатанд өрсөлдөх зорилготой

БНХАУ-ын Үндэсний Дээд лиг болох WCBA нь арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт нээлтээ хийдэг уламжлалтай.

Ингээд хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт өндөрлөдөг ч зарим тохиолдолд гуравдугаар сар хүртэл хойшлох тохиолдол ч бий. Эмэгтэйчүүдийн лигт нь 19 баг өрсөлддөг. Баг тус бүр 36 тоглолт хийсний эцэст хамгийн сайн амжилттай 12 баг нь хасагдах шатанд шалгардаг юм.

О.Хуланг эгнээндээ нэгтгэсэн "ВуХан ШенФан" багийн хувьд өнгөрсөн улиралд 10 хожиж, 26 ялагдсан үзүүлэлтээр 14 дүгээрт жагссан тул плей-оффт шалгарч чадаагүй. Тиймээс энэ улирлын гол зорилго нь дараагийн шатанд шалгарах аж.

WNBA-гийн од Ченнеди Картертай нэг багт тоглоно

зураг
 

Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо буюу WNBA-гийн улирал өндөрлөсний дараа Хятадын лиг нээлтээ хийдэг тул америк тоглогчид гаднын лигт тоглодог. 

Үүний жишгээр "Чикаго Скай" багийн авьяаслаг тоглогч Ченнеди Картер "ВуХан ШенФан" багт нэгдсэнээ зарласан.

Тэрбээр 2020 оны WNBA-гийн шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтаар буюу драфтын эхний тойргийн №4-өөр "Атланта Дрийм" багт сонгогдсон бол өнгөрсөн улиралд "Чикаго Скай" багт тоглохдоо 17.5 оноо, 3.5 самбар дундажласан. 

Ч.Картер 2022 онд "Лос Анжелес Спаркс" багт солилцоогоор очсон ч дасгалжуулагчтайгаа таарамжгүй харилцаатай байсан тул багаас хасагдсан. Үүний улмаас 2023 оны улиралд Туркийн лигт тоглосон аж.