Уншиж байна ...

Умард Солонгос газар нутгаа Өмнөд Солонгосоос бүрэн тусгаарлах арга хэмжээ авснаа зарлав

Т.Давааням, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын арми газар нутгаа Өмнөд Солонгосоос бүрэн тусгаарлах “томоохон алхам” хийснээ өчигдөр зарлажээ.

Өөрөөр хэлбэл хоёр улсыг холбодог бүх авто болон төмөр замуудыг бүрэн хааж, хуурай газраар зорчих ямар ч аргагүй болгох арга хэмжээ авсан юм байна.

Энэ оны эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун олон жил баримталж ирсэн хоёр Солонгосыг энх тайвнаар нэгтгэх бодлогоо цуцалж байгааг зарласан юм. Бас Өмнөд Солонгосыг өөрийн улсын “гол дайсан” болсныг зарлаж байв.

Үүний дараа Умард Солонгосын зэвсэгт хүчин Өмнөд Солонгостой залгадаг хилийнхээ харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх, бэхлэлт нуувч байгуулах, минажуулах, замуудад саад хаалт босгох зэрэг ажлуудыг эхлүүлж байжээ.

Өчигдрийн мэдэгдэл нь энэ ажил дууссаныг илтгэж буй бололтой.

Умард Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб дээрх арга хэмжээгээ Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авсан хариу арга хэмжээ гэж мэдэгдэлдээ тайлбарлажээ.

“Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал байдал нь БНАСАУ-ын зэвсэгт хүчнээс үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд илүү шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб хариу мэдэгдэлдээ уг арга хэмжээг “Ким Жон Уны дэглэмийн эмзэг, сул дорой байдлаас үүдэлтэй” гэж шүүмжилжээ.

Мөн ингэснээр тус улс өөрийгөө улам тусгаарлаж, ганцаардуулж буйг анхааруулсан байна.

Сөүл дэх Солонгосын Үндэсний Нэгдлийн Хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин үүнийг Пёняны дэглэм нэгэнт хэрэгжүүлж дууссан ажлаа албан ёсоор баталгаажуулж буй үйлдэл гэж дүгнэжээ.

Мөн цаашдаа үндсэн хуулиа шинэчлэх ажлын бэлтгэл байж болзошгүй гэж үзэж байна.

“Хэрвээ Умард Солонгос үндсэн хуулиа шинэчлэх замаар нутаг дэвсгэртэй холбоотой шинэ заалт нэмж, Өмнөд Солонгостой харилцаагаа бүрэн тасалбал энэ нь тус улсын гадаад болон дотоод орчинд ноцтой үр дагавар үүсгэж болзошгүй” гэж тэр тайлбарлажээ.

 

Эх сурвалж: CNN