Уншиж байна ...

Өмнөд Солонгосын 2023 оны ДНБ-ий 40 гаруй хувийг дөрвөн том компани бүрдүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын 2023 оны дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 40 гаруй хувийг тус улсын хамгийн том дөрвөн бизнесийн групп бүрдүүлснийг өчигдөр танилцуулсан эдийн засгийн тоо баримт харуулжээ.

Samsung, SK, Hyundai Motor, LG группүүдийн борлуулалтын орлогын нийлбэр өнгөрсөн онд 980.5 их наяд вон ($729 тэрбум) хүрсэн нь үндэсний ДНБ-ий 40.8 хувь болсон байна.

2019 онтой харьцуулахад эдгээр компаниудын жилийн нийт орлого 783.4 их наяд воноос 25.2 хувиар өссөн бол ажиллах хүчний хэмжээ нь дөнгөж 7.9 хувиар өсөж, 745,902 хүрчээ.

Өмнөд Солонгосын топ 30 бизнесийн групп 2023 онд нийтдээ 1,845 их наяд воны борлуулалтын орлоготой ажилласан нь ДНБ-ий 76.9 хувийг бүрдүүлсэн байна.

“Цөөн тооны гэр бүлийн компаниуд дээр улс орны эдийн засаг тогтох нь нэг сагсанд бүх өндгөө хадгалахтай адил эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна” гэж дээрх тоо баримтыг танилцуулахдаа парламентад цөөнх болдог Солонгосын Сэргээн Босголтын намын хууль тогтоогч Ча Гю Гүн мэдэгдээд том хөрөнгөтнүүдийг татвар, санхүүгийн бодлогоор дэмждэг ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засгийн газрыг шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Yonhap News