Уншиж байна ...

П.Дэлгэрнаран: Орон нутгийн сонгуулийн санал хураалтын техник, хүн хүч, зохион байгуулалт, байр бүгд бэлэн болсон

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ноос сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах ажил өнөөдөр 09:00 цагаас эхэлсэн. Энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цагийн хооронд явагдана. Улсын хэмжээнд буй 2,230 хэсгийн хороонд 20,600 төрийн албан хаагч ажиллаж байна.

Орон нутгийн ээлжит сонгуульд 8,031 мандатын төлөө 10 нам, нэг эвслийн 17,278 нэр дэвшигчид өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 32.3 хувь нь эмэгтэй хүн юм. Түүнчлэн нам, эвсэл бие даагчдын 104,500 менежер, шадар туслах сонгуулийн сурталчилгааг явуулсан. 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан нийт сонгогчдын нэрсийн жагсаалтад 2,246,164 хүн санал өгөхөөр бичигдсэн. 

Санал тоолох төхөөрөмжийг 1,500-аас дээш сонгогчтой хэсгийн хороонд хосоор нь байрлуулж байгаа. Түүнээс доош хүн амтай хэсгийн хороонд санал тоолох нэг төхөөрөмжийг байршуулсан. Улсын хэмжээнд нийт 2,824 санал тоолох төхөөрөмжийг дээрх хэсгийн хороонд хуваарилсан. 

Санал тоолох төхөөрөмжийг шалган турших ажиллагааг энэ сарын 7-нд амжилттай хийсэн. Орон нутгийн сонгуулийн санал хураалтын техник, хүн хүч, зохион байгуулалт, байр бүгд бэлэн болсон.

Интернэтийн сүлжээгүй 381 хэсгийн хороо байгаа учраас сансрын холбооны старлинк төхөөрөмжийг ашиглаж дүнг дамжуулна. 

СЕХ-оос өрх бүрд өгсөн цахим хөтөч нь санал хураалт болон санал өгөх ажиллагааны талаарх бүх мэдээллийг хүргэнэ. Тус цахим хөтчийг аваагүй бол хэсгийн хороод болон тухайн баг, хорооноос авах боломжтой" хэмээн ярилаа.