Уншиж байна ...

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилд хамгийн залуудаа гарсан дээд амжилтыг Балбын иргэн тогтоолоо

Т.Давааням, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Балба улсын 18 настай иргэн Нима Ринжи Шерпа өчигдөр өглөө Төвөдийн нутагт оршдог Шишапангма уулын оргилд гарснаар дэлхийн нэгэн дээд амжилтын эзэн болжээ.

Тэрбээр манай гарагийн хамгийн өндөр 14 оргилд гарсан хамгийн залуу хүн болж байна.

Далайн түвшнээс дээш 8,000 илүү метрийн өндөртэй 14 уул байдгийг Олон Улсын Уулчдын Холбоо “найман мянгатууд” гэж нэрлэдэг юм.

Эдгээр оргилуудад бүгдэд нь гарч чадсан 40 хүн байдаг.

16 настайгаасаа уулчин болсон Нима ердөө 740 өдрийн дотор дээрх оргилуудад гарч чаджээ.

Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 30-нд 10 дугаар ангийн төгсөлтийн шалгалтаа өгсний дараахан дэлхийн найм дахь өндөр оргил болох Балбын Манаслуд гарч байсан юм.

Нима бас Хималайн G1 ба G2 оргилууд, Кашмирын Нанга Парбат оргилд гарсан хамгийн залуу уулчинд тооцогддог.

Үүнээс гадна дэлхийн хамгийн өндөр оргил Эверест болон түүний ойролцоох Лхоце оргилд 10 цагийн дотор гарч чадсан хамгийн залуу уулчин юм.

Тэрбээр 14 оргилд авирахдаа бүгдэд нь өөрийн хамтрагч Пасан Нурбу Шерпатай хамт явсан юм.

“Ууланд авирах нь бидний хувьд ажил хөдөлмөрөөс гадна хүч чадал, тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүллийн баталгаа юм” гэж Нима Ринжи өчигдрийн авиралтынхаа дараа ярьжээ.

Тэрбээр Шерпа нар зөвхөн уулчдын хөтөч байдаг тухай хэвшмэл ойлголтыг халж, тэдний шинэ үеийнхэн бас өндөр зэрэглэлийн тамирчид байдгийг харуулах зорилготой гэнэ.

“Бид зүгээр нэг хөтөч биш, бид бол зам мөр гаргагчид юм” гэж Нима хэлжээ.

Түүний гэр бүлийнхэн бас уулчид бөгөөд Балбын хамгийн том авиралт зохион байгуулагч компани "Seven Summit Treks"-ийг ажиллуулдаг.

14 оргилд гарсан хамгийн залуу уулчны дээд амжилтыг өмнө нь Балбын иргэн Мингма Гябу Шерпа эзэмшдэг байжээ. Тэрбээр 2019 онд 30 настайдаа энэ дээд амжилтыг тогтоосон юм.

Харин Нимагийн тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэхэд маш хэцүү гэж Балбын аялал жуулчлалын яамны уулын авиралт, адал явдалт аялал хариуцсан агентлагийн тэргүүн Ракеш Гурун үзэж байна.

8,000 метрээс дээш өндөртэй 14 оргил бүгд Ази тивд, Хималай болон Каракорамын нуруунд оршдог.

 

Эх сурвалж: BBC