Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Зургаа болон 14 настай гурван хүүхэд тутмын нэг нь СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН асуудалтай гарсан

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой Монгол Улсад хийсэн зарим судалгааны үр дүнг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр танилцуулав. 



Тэрбээр хэлэхдээ "Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриаг дэвшүүлж байна.

Ажил олгогчдын хувьд ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулснаараа бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой. 

Үйлчлүүлэгч бол хаан, тэдний аюулгүй байдал чухал гэдгийг байгууллагууд нэн тэргүүнд баримталдаг. Гэхдээ ажил олгогчдын хувьд ажилчдынхаа аюулгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндэд түлхүү анхаарал хандуулах нь олон талын ач холбогдолтой. 

Ингэснээр ажилчдынхаа эрүүл мэнд, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг давхар бүрдүүлж байдаг. 

Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал бол ажил олгогчид болон удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас ихээхэн хамааралтай.

Тийм учраас ажилчдынхаа сэтгэл ханамжид байнга үнэлгээ өгч, ажлын байрны таатай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй" гэлээ. 

"Осол гэмтэл, амиа хорлолт нь нас баралтын гурав дахь гол шалтгаан" 

Үргэлжлүүлэн "Бид бүхэн сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдлуудаа судалж, үнэлсэн.

Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хүн амын дунд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнүүдийг хийж байна. 

Судалгаанаас харахад, зургаа болон 14 настай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг үнэлэхэд гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарлаа. 

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх гурван шалтгаан байдаг. Үүнд 

  • Зүрх судасны өвчин
  • Хавдар
  • Гадны шалтгаант буюу осол гэмтэл, амиа хорлолтын асуудал гурав дахь гол шалтгаан болдог.

Манай улсад жилд ойролцоогоор 500 орчим хүн амиа хорлож байна. Сэтгэцийн эрүүл мэндийнхээ тулгамдсан асуудлуудыг бид анхаарч авч үзэх шаардлагатайг харуулж буй тоо баримт юм" хэмээв.