Уншиж байна ...

СЕХ: Нийслэлийн Сонгуулийн Хороо НИТХ-ын сонгуулийн дүнг шууд дамжуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран сонгуулийн дүн мэдээллийг хэрхэн олон нийтэд дамжуулах талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш орой 20:00 цагаас улс орон даяар дуусна. 20:00 цагт улсын бүртгэлийн төхөөрөмж автоматаар зогсоно. Үүнээс хойш дүн дамжуулах ажил явагдана. СЕХ-ны төв серверт хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжийн дүнгүүд нэгтгэгдэх юм.

Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасан. Хэрэв маргаан, хардлагатай нөхцөл байвал 100 хүртэлх хувиар тоолж болох чиглэлийг бид өгч ажиллаж байгаа.

Нийслэлийн Сонгуулийн Хороо (НСХ)-оос нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг шууд дамжуулахаар бэлтгэл ажил хангасан. СЕХ нэгдсэн байдлаар шууд дамжуулалт хийхгүй. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг тухайн нутаг дэвсгэрт нь мэдээлнэ хэмээн хуульд заасан. Тиймээс тухайн нутаг дэвсгэрт сонгуулийн дүнг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болно. 

Мөн нийслэлийн хэмжээнд буй хэсгийн хороодод камерын дэлгэц ажиллах учраас нам, эвсэл, олон нийт хянах боломжтой. СЕХ-ны байрны нэгдүгээр давхар мэдээллийн төв маягаар ажиллах тул сонгуулийн ирцийн мэдээлэл болон хэсгийн хорооны байрны дүрсийг шууд дамжуулна. Ирцийн мэдээллийг дамжуулах дэлгэцээр орон нутаг бүрийг тус тусад нь ялган харуулна" хэмээн ярилаа.