Уншиж байна ...
Зураг
Зураг

Нидерландын цагдаа 2009 онд гарсан аллагыг илрүүлэхийн тулд хохирогчийн холограм дүрслэлийг гудамжинд байршуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Амстердам хотод 15 жилийн өмнө гарсан аллагын хэргийг илрүүлэхийн тулд Нидерландын цагдаа нар орчин үеийн 3D технологийг ашиглаж эхэлжээ.

Унгарт төрсөн Бернадет Сабо буюу Бетти нь 18 насандаа Амстердамд цагаачлан ирж байв. Тэр энд ирээд улаан дэнлүүний гудамжинд биеэ үнэлэгчээр ажиллаж эхэлсэн байна. Энэ үедээ тэр жирэмсэлж, хүү төрүүлснээ асрамжийн газарт өгч байжээ.

2009 оны хоёрдугаар сарын 19-ний шөнө Бетти ажлын байрандаа олон удаа хутгалуулж алагджээ.

Хохирогч тэр үед 19 настай байсан юм.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Нидерландын цагдаа нар алуурчныг хайх ажлаа зогсоогоогүй байна.

Сүүлд тэд Беттигийн ажлын байрыг бүхэлд нь уг хэргийн талаар мэдээлэл түгээх цэг болгон өөрчилжээ. Ингэхдээ Беттигийн цонхны цаана суугаад хүмүүстэй харьцаж буйг харуулсан бодит хэмжээтэй холограм дүрсийг байршуулжээ.

“Бид анх удаа ийм технологийг ашиглаж байна. Бид Бетти, түүний гэр бүл, найз нөхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, шударга ёс тогтоохыг хүсэж байна. Холограм дүрсийг кампанит ажилдаа ашиглахаас өмнө бид үүнийг хэрхэн хэрэгжүүлэх, зохион байгуулах талаар цагдаагийн болон цагдаагийн бус талуудтай сайтар ярьж хэлэлцсэн” гэж Амстердамын эрэн сурвалжлагдаж буй болон сураггүй болсон хүмүүсийн багийн зохицуулагч Бенямин ван Гог ярьжээ.

Ингэхдээ тэд бас Беттигийн ар гэрийнхний саналыг сонссон юм байна.

Мөрдөгчид Беттигийн алуурчны талаар мэдээлэл өгсөн хүнийг 30,000 еврогоор шагнахаа амлаад удаж байгаа. Холограм дүрслэлийг нийтэд үзүүлснээр шинэ гэрч ил гарах боломж нэмэгдэж магадгүй гэж үзэж байгаа ажээ.

“Бетти нь Амстердам хотын төдийгүй Нидерландын хамгийн хөл хөдөлгөөнтэй газарт алагдсан. Тиймээс тухайн үед энэ хэрэг ямар ч гэрчгүй болоод өнгөрсөн байх боломжгүй юм. Улаан дэнлүүний гудамжинд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг тул гэрч Амстердамд байдаггүй ч байх боломжтой. Өмнө нь ил гарахаас айж байсан гэрчүүд одоо зоригтойгоор дуугарна гэдэгт найдаж байна” гэж мөрдөгчдийн нэг Анне Дрейер-Химскерк ярьсан байна.

 

Эх сурвалж: CNN