Уншиж байна ...

Ч.Өнөрбаяр: Төрийн байгууллага хүмүүсээ байнга сургаж, хөгжүүлэх нь зөв. Би цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 14 цаг 24 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хяналт, үнэлгээний Үндэсний хороо”-ноос цаг үеийн асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тус байгууллагатай холбоотой "Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаярыг туршлага судлах нэрээр олон хүн дагуулан төсвийн зардлаар гадагшаа явсан" гэх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр "Засгийн газрын хяналт, хэрэгжүүлэх газар нь 2022 онд байгуулагдсан.

Гол агуулга нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах замаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн байгууллага юм.

Миний барьж буй бодлого бол өмнө нь хийж байсан зүйлийг үргэлжлүүлэх, хийж хэрэгжүүлж чадаагүй тодорхой болгоно. Манай байгууллагын үйл ажиллагаа үндсэн гурван чиглэлтэй.

Нэгдүгээрт процессыг дахин инженерчлэх. Зарим төрийн байгууллагын тогтолцоо нь анх үүсгэн байгуулагдсан бүтэц, хүний нөөцөөрөө явж байгаагаас болж данхар бүтцийг бий болгосон. 

Хамгийн гол нь иргэд аж ахуйн нэгжийн гомдлоор төрийн байгууллага, албан тушаалтанд шалгалт хийдэг. 2022 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд 520 мянган өргөдөл гомдол гаргасан. Үүний биелэлт 98 хувьтай байна. Иргэдийн гаргасан өргөдөл гомдлын биелэлт шийдвэрлэлт 98 хувьтай байгаа бол энэ хэмжээний төрд итгэх итгэл иргэдэд байх ёстой. 

Гэтэл судлаад үзэхэд 2024 оны эхний улиралд 200 мянга гаруй өргөдөл гомдол ирсэн боловч биелэлт 93 хувьтай. Энэ бол хөөсөрсөн тоо, нэг иргэн төрийн байгууллагуудад зэрэг өргөдөл, гомдол гаргаад явчихдаг. Харьяаллын дагуу өөр байгууллагад шилжүүлснийгээ шийдвэрлэсэн гэж бүртгээд явчихдаг.  Иргэний асуудал бодит байдал дээр шийдвэрлэгдээгүй ч цаасан дээр шийдвэрлэгдчихдэг юм байна. 

Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээс нэхдэгийг болиулах хэрэгтэй. Жишээлбэл Дорнод аймгаас Улаанбаатарт сурахаар ирсэн оюутан төрийн үйлчилгээ авахаар ирэхэд аймгийнхаа сумаас лавлагаа авч ир гэдэг. Үйлчилгээ үзүүлэх гэж байгаа хүн нь тухайн оюутны бүх мэдээллийг харж байгаа атал заавал Дорнод аймаг руу явуулах гээд байдгийг зогсооно.

Манай байгууллага анх 150 хүний бүтцийн орон тоотой батлагдсан. Одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Гэхдээ ажиллах хүчин муу биш, чадавхжуулах шаардлагатай. 

Гэхдээ би арай өөр загвараар ажиллана. Төрийн байгууллагын матрицын загвар гэж байдгийг анх NASA хэрэгжүүлж байсан. Энэ загвар дүнтэй болсон учраас төрийн байгууллага руу оруулж байгаа. Хамгийн гол тэргүүлэх чиглэлийнхээ ажил руу хүмүүсээ баг болгож оруулдаг. 

Бид нэмэлтээр гэрээт судлаач, мэргэжилтнүүдийг ажлын хэсэгт ажиллуулах боломж байгаа" гэв.

Үргэлжлүүлэн тус байгууллагын ажилчид төрийн зардлаар Вьетнам руу туршлага судлахаар явсан гэх мэдээллийн талаар сэтгүүлчид түүнээс асуухад "Төрийн байгууллага хүмүүсээ байнга сургах, давтах, хөгжүүлэх нь зөв.

Мэдлэггүй чадваргүй сул дорой төрийн албан хаагч иргэдэд муухай ааш гаргадаг. Би цаашдаа хүмүүсээ сургах, бэлтгэх ажлыг үргэлжлүүлнэ. Зөвхөн гадаад биш дотоодын сургалтыг ашиглана" хэмээн хариуллаа.