Уншиж байна ...
Зураг
Зураг

МСНЭ-ээс Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух, олон нийтэд шууд дамжуулах хүсэлт гаргалаа

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон салбарын холбоодын төлөөлөл өнөөдөр Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүхтэй холбоотойгоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт өглөө. 

Уг хүсэлтэд "Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 7-р сарын 19-нд МСНЭ-ийн гишүүн, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглаж задруулсан. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдуулах орлогоо зориуд худал тодорхойлсон нуусан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон орлогыг мэдсээр байж ашигласан гэх дөрвөн хэрэгт гэм буруутайд тооцож дөрвөн жил 9 сарын хорих ял оногдуулсан.

Шүүхээс Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хэлэлцэхдээ төрийн нууцад хамаарах мэдээ баримтыг хадгалсан гэмт хэргийг хэлэлцэх тул шүүх хурлыг бүхэлд нь хаалттай горимоор хэлэлцэнэ гэж тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс төрийн нууцад хамаарахаас бусад буюу худал мэдээлэл тараах татвараас зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэргийг нээлттэй хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа.

Иймд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхдээ төрийн нууцад хамаарахаас бусад хэргийг хэсэгчлэн нээлттэй явуулах, хоёрдугаарт МСНЭ-ийн ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээс шүүх хуралд ажиглагчаар оролцуулах. Хэсэгчлэн нээлттэй хийх шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулах хүсэлтийг гаргаж байна" гэжээ. 

Н.Өнөрцэцэг нь өөрийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж өнөө өглөө өлсгөлөн зарлаад байгаа юм байна.  

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Ял өгдөг хэргүүд биш. Торгуулийн ялтай. Гэтэл бүгдийг нь төрийн нууц гээд нэгтгэчхээд 4.9 жил өгөөд байгаа юм. Нарийн задаргаа манай салбарт хэрэгтэй байна. Анхан шатны шүүх хурал хүний эрхийг зөрчиж өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Сэтгүүлч сэтгүүлчийнхээ ажлыг хийснийхээ төлөө торны ард суучхаад байна. Сэтгүүлчид тодорхой хэмжээнд нууц, эх сурвалжаа хамгаалах эрх нь байдаг. Ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хамгаалагдах эрх нь байх ёстой. Энэ болгоныг хэвлэл мэдээллийн тухай хуулийнхаа шинэчилсэн найруулгад оруулаад хамгаалах тал дээр нь илүүтэй анхаарал хандуулж байгаа" гэв.