Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байрны гадна өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд иргэний хувиар дараах хүсэлтийг гаргаж байгаа аж.
Тэрбээр "Би шүүх Н.Өнөрцэцэгийг сулла, хэлмэгдүүлж байна гэсэн мэдэгдэл хийхгүй. Шаардлагатай тохиолдолд нууц дэлгэхгүй гэсэн нууцын баталгаанд гарын үсэг зурж зүгээр ажиглагчаар суумаар байна.
Өнөөдрийг хүртэл би шүүх засаглалыг хамгаалж, итгэж ирсэн. Одоогийн байдлаар бол бага зэрэг эргэлзэх сэтгэгдэл төрж байна. Нууцад хамаарах материалыг нууцыг хадгалах үүрэгтэй этгээд алдсан. Тэрийг олж авсан, хадгалсан, дамжуулсан гээд бүгд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой байтал зөвхөн нэг хүн нь хариуцлага хүлээгээд одоо шоронд байна.
Н.Өнөрцэцэг сэтгүүлчид олон нийт "Арай хэтэрсэн" зэрэг олон шүүмжлэлийг хэлдэг. Гэхдээ Монгол Улс хүнийг энэ "арай хэтэрлээ" гээд хэрэг тохоод явчихдаг болж байгаа юм биш биз дээ.
Мөн Эрүүгийн хуулиас "13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах" гэсэн заалтыг авч хаях хуулийн төсөл санаачлаад явж байна. Төсөв батлагдаад өнгөрсөн жилүүдийн авлига, хулгайтай холбоотой асуудлууд яригдаж байгаа энэ цаг үед сэтгүүлчид цагдаагийн үүдэнд очихоос айсандаа л чимээгүй байгаа. Ийм нам гүм байгаа намрыг би анх удаа үзэж байна. Нам гүм байгаа шалтгаан нь зүгээр л сэтгүүлчийнхээ ажлыг хийснийхээ төлөө хэрэг нь шийдэх шийдэгдэхгүйгээс үл хамааран цагдаад дуудагдаж үүдэнд нь хэдэн өдөржин суудаг байдал бол дарамт. Энэ дарамтыг үүсгэсэн хамгийн том сав бол Эрүүгийн хуулийн 13.14 юм. Хамгийн түрүүнд бид нийлж байгаад үүнээс салах хэрэгтэй" гэв.
2020 онд энэ хууль батлагдсанаас хойших жилүүдэд хэвлэл мэдээллийнхээс гадна олон нийтийн сүлжээнд үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн нийтдээ 1,000 орчим хүн энэ хуулиар шийтгүүлж, хэрэг үүсгүүлсэн байна гэдгийг тэрбээр онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!