Уншиж байна ...

"Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг сэргээвэл орлуулах боломжгүй экосистем улаан шороогоороо эргэнэ. Салхинд хийснэ"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид өнөөдөр Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг сэргээж нээхээр Засгийн газар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан асуудлаар Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-д хандаж, УИХ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-д шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ. 

Дээрх шийдвэр нь дэлхийд нэн ховор амьтдыг устах аюулд хүргэж, экосистемийг эрсдэлд оруулж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсад хүчин төгөлдөр холбогдох хуулиудыг зөрчиж байгаа аж. 

2050, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хөтөлбөрт байхгүй уг тогтоолыг УИХ наймдугаар сард гэнэт хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт нэгхэн заалт дөрөвхөн үгээр оруулж ирээд баталчихсан нь улс эх орны эрх ашиг юм уу, хувь хүн, цөөн бүлэглэлийн эдийн засгийн сонирхол юм уу гэдэгт анхаарч үзэх хэрэгтэй байна гэдгийг тэд онцолж байв. 

Говийн Их дархан цаазат газрыг анх 1975 онд Төв Азийн говь цөлийн байгалийн иж бүрдэл болох ховор амьтан, ургамлыг хадгалж үлдээх, дэлхий нийтийн ач холбогдолтой судалгааны төв болгох зорилгоор байгуулж байжээ. Говийн Их дархан цаазат газар нь нийт 6.5 сая га Монгол Улсын 121 тусгай хамгаалалттай газрын хамгийн том нь, дэлхийн 100 гаруй мянган тусгай хамгаалалттай газраас 15-т ордог аж. 

"Дархан цаазат газрын дундуур зам тавьж боомт нээнэ гэдэг нь боломжгүй зүйл" 

Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөллүүд "Дархан цаазат газрын дундуур зам тавьж боомт нээнэ гэдэг нь боломжгүй зүйл. Бургастайн боомтоос Алтай хот хүртэл Бугат, Төгрөг, Шарга сумуудаар дайраад 300 гаруй км шууд Хятадын хилтэй нийлээд цаашид Европ руу холбох замтай холбогдох боломж харагдаж байгаа. Гэтэл заавал тэр эмзэг байгальтай газрын дундуур засмал зам тавьж боомт нээх гэж байгааг Их говийн дархан цаазат газарт байрлаж байгаа газрын ашигт малтмалыг авч ухах бодлого баримталж байна гэсэн хардлага төрж байна. 

Уг газар нутаг дахь ховор ургамал, амьтад, баянбүрдүүдийг хамгаалахын тулд Говийн Их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид 50 жил хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн. 

Дэлхийд ховордсон цөлийн ховор амьтад энд орогнож үлдсэн. Тусгай хамгаалалтад авсны үр дүнд говийн баавгай 50 орчим, хавтгай тэмээ 600 гаруй тоо толгойтой болсон. Аргал, янгир, цоохондой, ирвэс гээд зайлшгүй хамгаалах шаардлагатай 37 зүйлийн амьтад байдаг. Эдгээр амьтад нь маш үргэмтгий, эмзэг, сонор соргог. Хавтгай тэмээ гэхэд 10-20 км-ийн цаанаас дуу чимээ аваад үргэж тасралтгүй гүйсээр 60-70 км газар очиж зогсдог. Үргэхдээ замд байгаа бүх хавтгай сүрэгтээ нийлээд маш урт цуваа болж явдаг. Мазаалай бол хүн, амьтнаас дөлж явдаг маш болгоомжтой амьтан.

Иймд энд боомт нээсэн тохиолдолд эмзэг, сонор амьтад үргэж тархац нутаг нь хуваагдан хумигдаж, нүүдлийн зам нь тусгаарлагдана. Түүнчлэн боомтын дагуу 10 гаруй булаг шанд бий. Ус нь ховордоод ирвэл амьтдын бэлчээр хомстож тоо толгойд нь нөлөөлөх аюул, эрсдэл байна. Хэрвээ уствал дахиж сэргээж нутагшуулах боломжгүй амьтад байгаа юм. Хавтгай, Мазаалай дээр генийн сан, бар код юу ч байхгүй учир нэг уствал бүр мөсөн устах аюултай. 

"1992 онд Нарансэвстэйн боомт нээгдэж автомашины хөл хөдөлгөөнөөс амьтад дайжсан. Худалдаачдын зам баянбүрдүүдийг дайрч булаг, уснууд бохирдсон, хулгайн ан гарч эхэлсэн" 

1992 оны зургаадугаар сард Нарансэвстэйн боомт анх нээгдэж нэг жилийн дараа хаагдсан байдаг. Тэр үед автомашины хөл хөдөлгөөнөөс болж амьтад маш их үргэж дайжсан. Худалдаачдын зам баянбүрдүүдийг дайрч гардаг болсноос булаг, уснууд бохирдсон, хулгайн ан гарч эхэлсэн. Иймд цаашид говийн экосистемд аюул учруулах эрсдэлтэй юм байна гэж үзэж хааж байсан юм. Одоо ч энэ аюул занал хэвээрээ шүү дээ. Гэтэл яагаад заавал өмнөх гашуун туршлага байсаар байтал хилийн боомтыг сэргээх гэж байгаа юм бэ.

Маш олон хууль, Дархан цаазат газрын дэглэмийг зөрчиж байгаа уг төлөвлөгөө хэрэгжвэл дэлхийд үнэлэгдсэн дахин давтагдахгүй, орлуулах боломжгүй энэ экосистем улаан шороогоороо эргэнэ. Салхинд хийснэ" гэв. 

Үндсэн хуулиа юу ч биш гэж тооцож зөвхөн эрх мэдэл, албан тушаалдаа дулдуйдан гаргаж буй энэ шийдвэрийг эсэргүүцэхгүй байх аргагүй. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасан Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцынхоо үүргийг хэрэгжүүлнэ. Нэгдэн орсон гэрээ конвенц нь соёрхон баталсан өдрөөс эхлэн олон хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ гэсэн үүргээ биелүүлэхгүй бол хэзээ нэгэн цагт Монгол Улсын Засгийн газар олон улсын шүүхэд дуудагдана шүү гэдгийг хуульч онцлов. 

https://www.facebook.com/iKonNews/videos/1241969223593768