Уншиж байна ...

Ж.Баярмаа: Муу хэлэгддэг социализмын үед ч бид соёлын үйлчилгээг мөнгөөр авдаг байсан. Гэтэл одоо өсвөр үеийнхэнд ваучер өгөөд оронд нь саналыг нь авах гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өсвөр насныханд үнэ төлбөргүй соёлын үйлчилгээ үзүүлэхэд зориулж 18.3 тэрбум төсөвлөснийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Муу хэлэгддэг социализмын үед бид нэг төгрөгөөр кино үздэг байсан. Түүнээс хойш чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болоод 34 жил боллоо. Гэтэл яагаад өсвөр насны хүүхдүүдэд үнэгүй юм үзүүлэх гээд байгаа юм бэ. Энэ чинь социализмаас дор юм болж байна. Энэ бол соёл урлаг хэмээх нандин зүйлээр халхавчилсан халамж. Соёл урлаг гэдэг гоё маск зүүлгээд араар нь халамж явуулаад байна.

18 нас хүрэх залууст үнэгүй юм үз гэж эрхийн бичиг өгөөд яг 18 нас хүрэхэд нь саналыг нь авах гэж байгаа л хэлбэр шүү дээ. Үнэгүй юм үзээд соёлтой, урлагийн мэдрэмжтэй болох юм уу. Соёл, урлагийг хүн мөнгөө төлөөл таашааж үздэг биз дээ. Адгийн муу социализмын үед ч үнэгүй юм байгаагүй. Мөнгөө төлөөд кино, жүжгээ үздэг байсан.

Хүүхэд, өсвөр үеийнхний нэрийг барьж халамж тараадгаа боль. Хуульд үнэгүй олгоно гээд заачихсан байгаа. Хуульд үнэгүй олгоно гэдэг үг байж болох уу. Ичих хэрэгтэй.

Соёлын сайд Ч.Номин: Боломжтой, чинээлэг айлын хүүхдүүд соёлын хүртээмжийг хангалттай авч байгаа. Танд хардах эрх нь байгаа. Ойлгож байна. Гэхдээ бидний дагадаг АНУ, Солонгос, Испани зэрэг улсууд хүүхдүүддээ ирээдүйн хөрөнгө оруулалт болгож ийм зүйлийг хийдэг. Энэ бол халамжийн бодлого биш. Энэ бол хүний хөгжлийн хөрөнгө оруулалтын бодлого. Бид 100 мянган төгрөгийн эрхийн бичиг өгснөөр өрсөлдөөнд суурилсан олон төрлийн соёл, спортын арга хэмжээнүүдийг бий болгохыг зорьж байна.

Яагаад өсвөр насныхныг онцлоод байна гэхээр хичээлээс гадуур хийх юмгүй, кофе шопод л очиж чөлөөт цагаа өнгөрөөж байна. Өсвөр насны хүүхдүүдийг ирээдүйд соёл хүртэл сурсан хүн болгохын тулд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа юм. Энэ бол ирээдүйн хүүхэд залууст зориулсан соёлын арга хэмжээ. Энэ ваучерыг авсан хүүхэд кино, музей үзэж, спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлдэг болно.