Уншиж байна ...

"Хүн найтаахад 100,000, ханиахад 50,000 орчим талст буюу шүлс агаарт цацагддаг"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.

Хүн найтаахад 100,000 орчим, ханиахад 50,000 орчим талст буюу шүлс агаарт цацагддаг. Үүгээр бохирлогдсон зүйлд гараараа хүрч ахуйн хавьтлаар ханиад, томуу тусах нь элбэг байдаг.

Тиймээс гараа тогтмол угааж, гар ариутгагчийг хэрэглэж хэвших нь зүйтэй.

Судалгаагаар 50-60 хувийн чийгшилтэй байхад вирус харьцангуй тэсвэр муутай, эсрэгээрээ хуурай агаарт тэсвэртэй. Иймд өвлийн улиралд томуугийн өвчлөл их байдаг.

Гэрийн орчныг сайн чийгшүүлж, чийгтэй цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй. Гэвч ариутгагч хлорамин, гэр ахуйн ариутгалын бодисыг хэт их хэмжээнд хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Нойр нь дархлаа, сэтгэл санааны байдал, танин мэдэхүйн чадвар, хоолны дуршил, хоол боловсруулах үйл ажиллагаа, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд зэрэг бие махбод болон сэтгэл зүйн аль алинд нөлөөлдөг. Тогтсон цагт унтаж хэвшихийг зөвлөлөө. 

Гар доорх материалыг ашиглаад ам зайлах уусмалыг бэлдэх боломжтой. Гэрийн нөхцөлд ам зайлах уусмал бэлдэх аргуудаас дурдвал

  • Нэг литр усанд 10 грамм давс хийгээд 10 процентын уусмал болгоод зайлж болно.
  • Нэг литр усанд 20 грамм сода хийгээд хэрэглэж болно. Сода илүү зөөлөн байдаг.
  • 500 мл усанд 4-5 ширхэг саримс нухаж эсвэл бүхлээр нь хийж хандалж болно.
  • 500 мл усанд 10 грамм царван хийх зэрэг ам зайлах уусмалыг гэрийн нөхцөлд бэлдэж болно.

Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч, түүнийг дагаад дархлааны эсүүд татагдаад өсөөд явдаг. Өдөрт 30 минут биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх нь гаднын халдвараас хамгаалахад тусалдаг.

Эрүүл, чанартай хоол хүнс нь дархлааны системийн гол түлхүүр юм. Эрүүл хооллолт нь дархлааны системд шаардлагатай эрчим хүчийг өгөхөөс гадна дархлаагаа хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг микро элементүүдийг авахад тусална. 

Шинэ ногоо, пробиотик буюу хүний биед хэрэгцээтэй ашигтай бактерийг агуулсан хүнс, сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бие мах бодийг нян, вирус, мөөгөнцрөөс хамгаалж, дархлааг дэмждэг.