Албанийн нийслэл Тирина хотод болж буй Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны олимпын бус жингийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөх дөхөж байна.
Олимптой жил зохион байгуулагддаг уламжлалтай олимпын бус жингийн дэлхийн аваргад чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг-ийн жинд, эмэгтэйчүүдийн 55, 59, 65, 72 кг-ийн жинд, сонгомол бөхийн 55, 63, 72, 82 кг жинд бөхчүүд өрсөлддөг юм.
Энэ удаагийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд манай улсаас дөрвөн тамирчин оролцсон. Тодруулбал Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 59 кг-ийн жинд өрсөлдсөн бол 55 кг-ийн жинд Ч.Отгонтуяа, 65 кг-ийн жинд Т.Энхжин, 72 кг-ийн жинд З.Болортунгалаг нар хүч сорьсон юм.
Тэднээс хашир мастер С.Цэрэнчимэд эхний даваанд Мексикийн Алехандро Ривераг 10:0-ээр, дараа нь Канадын Лоуренс Борегарыг 8:8-аар буюу бүхэл онооны дүрмээр, шөвгийн наймд Азербайжаны Алёна Колесникийг 9:0-ээр, хагас шигшээд Энэтхэгийн Манси Ахлаватыг 4:1-ээр буулган авсан.
Шигшээд олимпын хошой аварга (2016, 2020), дэлхийн гурван алт (2017, 2018, 2019), нэг мөнгөтэй (2015) Японы Рисако Кавайтай тунаж, 2:4-өөр ялагдсанаар дэлхийгээс хошой мөнгөн медальтай боллоо.
С.Цэрэнчимэд өмнө нь дэлхийн дэвжээнээс 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.
Манай бусад тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд өрсөлдсөн З.Болортунгалаг хүрлийн төлөө Чехийн Адела Ганзличковад 0:2-оор ялагдсанаар шагналт байр эзэлсэн юм.
Багийн дүнгээр Японы эмэгтэй баг дөрвөн жингийн гуравт нь түрүүлж, нэг хүрэл медаль зүүснээр 90 оноотой тэргүүлсэн бол БНХАУ-ын баг 53, АНУ-ын хүүхнүүд 40 оноогоор эхний гуравт жагслаа.
Харин манай эмэгтэйчүүд 40 оноогоор дөрөвдүгээр байр эзэлжээ.
Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Ц.Цогбадрах, 70 кг-ийн жинд Э.Тэмүүлэн, 79 кг-ийн жинд О.Сүлдхүү, 92 кг-ийн жинд Г.Ганхуяг нар өрсөлдөв.
Ц.Цогбадрах эхний даваанд Беларусийн Арыйан Тютринийг 2:1-ээр, дараагийн даваанд Киргизийн Тайырбек Уулуг 3:0-ээр, шөвгийн наймд Ираны Реза Момениг 3:1-ээр ялаад хагас шигшээд Туркийн Ахмет Думанд 1:3-аар дийлдсэн.
Ингэснээр манай тамирчин өнөөдөр хүрлийн төлөө хүч үзэх юм.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 79 кг-ийн жинд хүч үзсэн О.Сүлдхүү эхний тойрогт ОХУ-ын Магомед Магомаевт 1:12-оор ялагдсан ч орос эр шигшээд шалгарсан тул дагах эрхтэй болжээ.
Манай тамирчин Азербайжаны Орхан Аббасовыг ялбал дараа нь Пуэрто Рикогийн Шэйн Жонстой хүч сорино. Түүнийг хожиж чадвал орос гаралтай Словакийн Ахсарбек Гулаевтай хүрлийн төлөө хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 92 кг-ийн жинд хүч сорьсон улсын харцага Г.Ганхуяг Польш, Канадын өрсөлдөгчөө ялсан ч шөвгийн наймд Италийн Бэн Хонисыг бараагүй юм. Б.Хонис дараагийн даваанд ялагдсанаар манай тамирчин тэмцээнээ өндөрлүүлсэн.
Энэ удаагийн ДАШТ-ийг чимсэн бөх бол ОХУ-ын алдарт аварга Абдулрашид Садулаев. Олимпын хошой аварга (2016, 2020), дэлхийн таван алт (2014, 2015, 2018, 2019, 2021), нэг мөнгөтэй (2017) энэ эр дайныг дэмжсэн гэх шалтгаанаар Парисын олимпод оролцоогүй юм.
Түүнийг энэ удаагийн тэмцээнд оролцох сургаар олимпын аварга (2020), дэлхийн гурван алт (2018, 2022, 2023), нэг мөнгөтэй (2021) АНУ-ын Дэвид Тэйлор дэлхийд өрсөлдөх шийдвэр гаргасан билээ.
Д.Тэйлор олимпын сонгон шалгаруулалтад Аарон Брүкст ялагдсанаар Парисыг зорьж чадаагүй. Үүнийхээ дараа зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжих шийдвэр гаргаад байв.
Алдарт аваргууд сугалаагаар эхний тойрогт хоорондоо таарсан. Олны анхаарлыг татсан энэ барилдаанд А.Садулаев 7:0-ээр ялсан. Гол өрсөлдөгчөө ялсан дагестан эр дараагийн даваанд Азербайжаны Абубакр Абакаровыг 3:1-ээр, шөвгийн наймд Германы Ларс Шафлыг 10:0-ээр, хагас шигшээд Ираны Камран Гасемпурыг 5:3-аар ялснаар аваргын төлөө Гүржийн Мириан Майсурадзетай хүч сорихоор болов.
Түүнийг дагаад Д.Тайлорт ч боломж гарсан юм.
Сонирхуулахад эрэгтэйчүүдийн 79 кг-ийн жинд барилдсан АНУ-ын алдарт бөх Жордан Барроуз энэ удаагийн тэмцээнээс хоосон хоцорлоо. Олимп, дэлхийгээс цуглуулсан медалиараа рекорд тогтоох том зорилготой ирсэн америк эр шөвгийн наймд Ираны Мохаммад Ноходид 4:6-гаар дийлдсэн. Түүнийг ялсан М.Ноходи хагас шигшээд Гүржийн Автандил Кенчадзед 8:14-өөр дийлдсэнээр Ж.Барроузын медалийн найдвар тасарсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!