Уншиж байна ...

Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж нэн хөнгөлөлттэй 82.7 сая евро, арилжааны нөхцөлтэй 106.2 сая еврогийн зээл авна

А.Ням-Өлзий, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хиймэл дагуулын төслийн санхүүжилтийн талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хиймэл дагуул хөөргөхөд шаардагдах санхүүжилтийн тодорхой хувийг 2025 оны төсөвт тусгасныг хасаж өгнө үү гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргасан. Үүнтэй холбогдуулан тодруулах хэд хэдэн зүйл байна.

Энэ хэдий хэмжээний өртөгтэй хиймэл дагуул вэ. Үүний хэдэн хувийг хоёр талын хэлэлцээрээр нэн хөнгөлөлттэй зээлээр авч байгаа юм бэ. Хэдэн хувийг нь ямар, ямар банкнаас хэдэн хувийн хүүтэй зээлж байгаа вэ.

Сангийн яамны хэлтсийн дарга н.Гантогтох: Хиймэл дагуулын төслийн санхүүжилт хэлэлцээрийн шатанд байгаа. Хэлэлцээрийн шатанд байгаа дүнгээс дурдахад, нийт өртөг нь 225.2 сая евро. Үүнээс Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр 82.7 сая евро бөгөөд зээлийн хүү 0,883 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл байгаа.

Мөн Францын Засгийн газрын төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл болон арилжааны банкнаас авч байгаа зээлийн дүн нь нийт 106.2 сая евро. Францын Засгийн газрын төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл нь 25 сая еврогийн үнийн дүнтэй, хувьсах хүүтэй. Арилжааны банкнаас авах зээл нь 81 сая еврогийн үнийн дүнтэй, арилжааны нөхцөлтэй.