Уншиж байна ...

Н.Учрал: Төр хувь эзэмшиж, менежментэд оролцоод ТУЗ-д хэдэн хүн суулгаад үр дүнд хүрдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүдийн асуулт, хариултыг хүргэе.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Би санхүүгийн талаас асуумаар байна. Стратегийн ач холбогдол бүхий орд дээр 34 хувийг эзэмшдэг. Сүүлийн 15 жилийн турш Оюутолгойн гэрээнээс сурсан алдаа оноог заавал тусгах ёстой. 

34 хувийн энгийн хувьцааг өсөн нэмэгдэх Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ)-өөр, мөн давуу эрхийн хувьцаатай орлуулах хэлбэрийг нээж өгч байна. Энэ нь зарчмын хувьд санхүү талаасаа зөв. Томоохон мега төсөл хөрөнгө оруулалтыг бид гаргаж чадахгүй, зардлыг хянаж чадахгүй тохиолдолд давуу эрхийн хувьцаатай байх нь өөрийн гэсэн давуу талтай. 

Монголд үр өгөөжийн дийлэнх нь ногдох эсэхийг тооцоход хоёр өөр аргаар явна. Давуу эрхийн хувьцаа нь ногдол ашиг, нэмэлт санхүүжилт босгоход хувь эзэмшил нь өөрчлөгдөхгүй. Үүнийг юу гэж харж байгаа вэ. Гэрээнд хэрхэн нарийвчлалтай тусгаж байгаа вэ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Зөөвч-Овоо орд нь стратегийн ач холбогдол бүхий орд. Үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох гэсэн зарчмыг бид биелүүлэх ёстой. Оюутолгой дээр гарсан алдаа бол Монголын талд ногдож буй үр өгөөж нь Үндсэн хуулийн зарчимтай нийцэж буй эсэх юм. Дараа нь ямар нэгэн маргаан гаргахгүй байхын талд Үндсэн хуулийн зарчмыг хэрхэн тооцсон бэ? 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулийн суурь зарчим болох 6.2-ыг хэлэлцэж байх үед гишүүд саналаа хэлж байсан. Үр өгөөжийн дийлэнх гэдэг нь 50+1 байх ёстой. Үүнийг татвар, хураамж, төлбөр, ногдол ашиг хуваарилахаар байж болно. 

Францын компанитай хөрөнгө оруулалтын асуудал яригдаж, ажлын хэсэг ажиллаж байх үед хоёр ерөнхийлөгчийн айлчлалаар өсөн нэмэгдэх АМНАТ-ийг тооцож болно гэдгийг тусгасан. Гэтэл манай цөмийн энергийн хуульд тусгай АМНАТ таваас дээш хувь байхгүй хэмээн дээд таазыг тавьж өгсөн. 

Хөрөнгө оруулагч тал ашигт малтмалын үнэ нэмэгдэж байх үед өсөн нэмэгдэх АМНАТ тооцохыг зөвшөөрч байх үед манай эрх зүйн орчныг өөрчлөхөөс өөр арга байхгүй. Төр хувь эзэмшиж, менежментэд оролцоод ТУЗ дээр хэдэн хүн суулгаад үр дүнд хүрдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан. 

Тиймээс аль аль талдаа эрсдэлийг бууруулах үүднээс хууль эрх зүйн орчин тодорхой байна. Хэлэлцээр хийхдээ 50+1 гэх зарчмыг заавал хангагдана. Байгалийн баялагт ард түмэн эзэн байх суурь зарчим заавал хангагдахыг бид барьж хэлэлцээр хийх ёстой. 

Өнөөдөр ураны нэг фунтийн үнэ 81 ам.доллар байна гэж үзвэл өсөн нэмэгдэх АМНАТ-ийг хуулиар нээж өгч, хэлэлцээр хийгдвэл 14-19 хувийн АМНАТ авна. Мөн энэ хууль батлагдсанаар төр эзэмшиж буй 10 хувиа алтан хувьцаа болгох бололцоо бүрдэнэ.

Төр 34 хувиа эзэмшээд өмнөх гэрээ шигээ явбал эхний хөрөнгө оруулалт дээр 125 сая ам.доллар төлөх үүрэг хүлээнэ. 10 хувийн ногдол ашгаа авч давуу эрхийн хувьцаа болгоод явбал Монголын талаас нэг ч төгрөгийн санхүүжилт хийгдэхгүй. Цаашдаа өр үүсэхгүй, хариуцлага хүлээхгүй. 

Хөрөнгө оруулалт хийсэн ч манай эзэмшиж буй хувь дээр ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Төсөл өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явуулна. Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар бид үүнийг нээж өгнө. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээг ярих эрт байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/27920800037518317