Уншиж байна ...

Н.Тэгшбаяр: Монголд тогтоогдсон ураны нөөц одоогоор 192 мянган тонн. Энэ нь дэлхийд эхний 10-т орох бөгөөд нийт батлагдсан нөөцийн 2% юм

А.Ням-Өлзий, iKon.mn
3 цаг 55 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Уранд хордоод байгаа Дорноговийн, урантай мах иддэг гишүүн байна. 10-аад жилийн өмнө аймгийн ИТХ-ын дарга байхдаа ЗГХЭГ-аас чиглэл аваад “Арева” компанийн урилгаар Франц улсад томилолтоор ажиллаад Шилэн Цогоо нарын нөхдөд цоллуулж байлаа.

10-аад жилийн дараа иргэдийн хандлага өөрчлөгдөж, УИХ-аар энэ асуудлыг хэлэлцүүлж байгаад талархаж байна.

Нөгөө сүрхий эх орончид газар доор уусган олборлохыг хортой гэдэг. Энэ аргаар олборлохын давуу болон сул талыг хэлж өгөөч. Мөн ураны нөөцийн талаар мэдээлэл өгнө үү. Биднийг ажиллаж байх үед ганцхан шөнийн дотор нэг айлын 21 бяруу худаг дээр үхчихсэн. Үүний мөрөөр Засгийн газраас ажлын хэсэг томилогдож байсан. Тэр ажлын хэсэгт байсан хүмүүс одоо ч энэ хуулийн ажлын хэсэгт байх шиг байна. Тухайн үед селен ихэдсэнээс 21 бяруу үхсэн гэдэг дүгнэлт гарч байсан. Яагаад селен гэдэг бодис байгаль дээр ганцхан шөнийн дотор ихэсдэг юм бол энэ талаар мэдээлэл өгөөч.  

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Би төслийн явцад санхүүгийн ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Нийт төсвийн хугацаанд 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Жилд төсвийн орлогод 135 сая  ам.доллар орно гэсэн урьдчилсан ТЭЗҮ байгаа. Улсын төсөвт 69 сая, орон нутагт 30 сая, Ирээдүйн өв санд 36 сая, Хуримтлалын санд 18 сая ам.доллар тус тус хуримтлуулна гэдэг тооцоолол бий.

Ажлын хэсгийн гишүүн, шинжээч Н.Тэгшбаяр: Монгол улсад тогтоогдсон ураны нөөц одоогоор 192 мянган тонн. Энэ нь дэлхийд эхний 10-т орох бөгөөд дэлхийн нийт батлагдсан нөөцийн 2 хувь юм. Манай ирээдүйн нөөц ойролцоогоор 1.5 сая тонн. Үүнийг бид тогтоож чадвал дэлхийд тэргүүлэг 5 орны нэг болох боломжтой юм.

Газар доор уусган баяжуулах аргын тухайд, дэлхийд нийт олборлож байгаа ураны 56-гаас дээш хувийг энэ аргаар олборлогдог. Дэлхийд тэргүүлэг Казахстан бүх ордоо энэ аргаар ашигладаг.

Селений тухайд бороо ихтэй, уулархаг хангай газар селен дутагдсанаас болж малын шөрмөс цайх өвчин үүсдэг. Харин говийн нутагт селен ихдэх тохиолдол байдаг.

Г.Ганбаатар гишүүний ярьсан 10-аад жилийн өмнөх явдал гарах үед би Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан. 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байлаа. Тухайн үед Цэрэнчимэд гэдэг эмч “Уранаас болсон” гэдэг цуурхал дэгдээсэн. Өнөөдрийг хүртэл Монголын төр тиймэрхүү хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байгаа нь энэ төслийг хойш нь татаж байна.