УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр тус хуулийн төслийн талаарх гишүүдийн асуултыг хариултыг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Манайхан Оюутолгойн алдааг их ярилаа, зөв. Уран дээр хамгийн том алдаа гарах гэж байна. Оюутолгой дээрх хамгийн том алдаа бол монголчууд мэддэггүйгээ мэддэг байсан. Одоо уран мэддэг царайлж ярихаа зогсоогоод бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан эсэхийг асууж байна.
Би Н.Учрал сайдыг хүндэлдэг. Оюутолгойн гэрээ байгуулчхаад АНУ руу зугтсан хүмүүсийн нэг болчих вий гэж би санаа зовж байна. Хувь заяаны түүхийн тоглоом болж болохгүй. Энд ураны мэддэг, гэрээ хийж байсан хүнийг үзээд буцаагаад өгье гэсэн ч байхгүй. Олон улсын болон үндэсний хэмжээний бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг улс төрчид тойрч ярьдаг. Ухаантай царайлж, уран мэддэг юм шиг ярихаа одоо зогсоо.
Оюутолгойн хамгийн том алдаа бол бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргаагүй, улс төрчид ярьсан. Гадаад руу өөрсдийгөө ухаантай гэж бодсон улс төрчид яваад нүд нь өөр болж ирээд хуульд өөрчлөлт хийх тухай ярьж байсан.
Уран дээр яарахгүй анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн 6.2-д заасан ГАГЦХҮҮ ард түмний мэдэлд байна гэдэг үг бий. Байгаль орчны асуудлыг нийт ард иргэдтэй зөвлөлдөхгүйгээр 126 болсон гишүүд шийдэж болохгүй. Уранаар цахилгаан эрчим хүч гарахгүй. Бид шар нунтаг гаргаад зөөх гэж буй ард түмэн.
Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо.
34 хувийг тойрч яриад байна. 34 хувийг багасгаад 0 болгоход Оюутолгой дээр 15 хувийн АМНАТ авч болохыг би ярьж байсан. Ер нь манай ашиг гурван тэрбум ам.доллар гэж байгаа. 30 жилд гурван тэрбум ам.доллар уранаас олно гэвэл манайх нүүрснээсээ илүү их мөнгийг олж байгаа. Үүний төлөө ухаж болохгүй.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Би С.Ганбаатар гишүүний болгоомжилж буйг хүндэтгэн хүлээн авч байна. Ураны төслийг Оюутолгойн гэрээнээс сайжруулах ёстой. Тухайн үед төрийн эзэмшлийн 34 хувийн тодорхой хувийг АМНАТ-өөр орлуулчихсан байсан бол 2.8 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн компаниас 800 сая ам.доллароос авсан АМНАТ хэд дахин өссөн бэ гэдгийг харвал ард түмэн ногдол ашиг хүртэх байсан.
Цөмийн энергийн хуулиар хэлэлцээрийг зөв явуулахыг хүсэж байгаа. Ямар ч эрсдэл гарсан 34 хувийн ногдол ашгаа хүлээж суух бус эцсийн үр дүнд Монголын ард түмэн ашгийг хүртэж байх ёстой.
Нөгөө талтай хэлэлцээ хийхээр ажилласан ажлын хэсэг өсөн нэмэгдэх АМНАТ-тэй байя. Өнөөдөр танай хуульд заасан суурь АМНАТ таван хувийг өөрчилж өгөхийг ярьсан. Энэ бол гэрээний хэлэлцүүлэг биш. Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар бид цаашдаа энэ салбарт хэлэлцээр хийх өргөн боломж нээгдэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ орж ирж буй зүйл биш.
Би ажлын хэсгийг ахлаад хоёр жил болж байна. Францын компани 1997 онд төлөөлөгчийн газраа нээж, 2003 онд тусгай зөвшөөрөл эзэмшиж, 2013 онд хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулж эхэлсэн.
Н.Алтанхуяг ерөнхий сайд байх үед 100 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулж, том шинжээчийн дүгнэлт гаргаад ажил нэлээд урагшилсан. Нэг гараанаас эхэлсэн Казахстан уран олборлолтоор дэлхийд тэргүүлж эхэллээ. Бид 27 жил хэлэлцэж, ажлын хэсэг анхааралтай ажилласан.
"Мон Атом" ХХК-ийн захирал Д.Далайжаргал: Олон улсын шинжээчийг 2018 онд Канадын компаниар үнэлгээ хийлгэж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 2020 онд олон улсын атомын эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид ирж, Засгийн хуралдаанаар танилцуулсан. Нийтдээ долоон удаа олон улсын болон дотоодын үнэлгээ хийсэн.
Бид зөвхөн шар нунтаг гаргана. Үүнийг баяжуулаад цөмийн эрчим хүчний түлш буюу атомын цахилгаан станцын түлш болгодог таван улс байгаа. Үүнийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван улс л хийж чадна. Өөр ямар ч улс орон түлш болгож чадахгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!