Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

М.Нарантуяа Нара: Chanel-ийн цүнхгүй гуйлгачин хэн байгаа юм, та нарын дунд. Мэдэн будилсан гэнэн хонгоруудын дүрд тоглоод байгаа та нарыг хараад би үнэхээр гутарч байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан М.Нарантуяа Нара гишүүн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Яг одоо энэ хурлын ирцийг олон нийт анхаараасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл өнөөдрийн хуралд ирцээ бүртгүүлээгүй гишүүд бол ацан шалаатай, ялсных нь талд орно гэчихсэн алцганасан гишүүд байгаа.

Хоёрдугаарт, би энд орж ирсэндээ маш их харамсаж байна. Уг нь энд орж ирээд хийж бүтээгээд, хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө “ална” гэж бодтол энэ дотор Монгол Улсаа тонон дээрэмддэг мафи бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэднээс хандив мөнгө авдаг газар юм байна.

Би бараг л өдөртөө олдог инфлүнсерийнхээ орлогын сард хоёр хувааж авч байж хулгайч гэж дуудуулаад явж байна.

Та нар chanel-ийн цүнх яриад гайхаад байх юм. Энэ дотор chanel-ийн цүнхгүй ядуурчихсан, гуйлгачин хэн байгаа юм, та нарын дунд. Тийм байж нэг их мэдэн будилаад, гэнэн хонгоруудын дүрд тоглоод байгаа та нарыг хараад би үнэхээр гутарч байна.

МАН-ынхаан өнгөрсөн хугацаанд та нар дангаараа засаглаж байсан. Дангаар засаглахдаа ард түмний бүх боломжийг урдуур нь орж хулгайлж, хувааж авсан.

Та нарын хэн чинь ажлын албаа гүйлгээд Боловсрол, Эрүүл мэнд, Уул уурхайн сайд болох гээд явж байгаа чинь илт байгаа шүү дээ.

Би та нарын хэний чинь ч дэмжлэгээр энд орж ирээгүй учраас ингэж хэлэх зориг надад байгаа юм.

Эрх мэдлээр дулдуйдаад авчихсан том ордуудын эзэмшлийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа гишүүд нэгэн цул болоод нэг хүнээрээ туг тахих гэж байна" гэв.