УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаж, нэгдсэн байр сууринд хүрчээ.
Засгаас хөөгдсөн тэд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх хэдий ч санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргасан байна. АН-ын бүлгийн шийдвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тун хүнд байдалд оруулав.
Учир нь УИХ-ын нийт гишүүний олонхоор асуудлыг шийдэх хуультай. Өөрөөр хэлбэл, 126 гишүүний олонх буюу 64 гишүүн итгэл үзүүлэхийг дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд үлдэнэ. Харин дэмжих гишүүний тоо энэ тоонд хүрэхгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцно.
АН-ын 42 гишүүн бүлгийн шийдвэрээ дагаж санал хураалтыг орхин гарвал тэдний санал Ерөнхий сайдыг эсрэг тоологдох юм.
Харин бусад 84 гишүүн санал хураалтад оролцож, Л.Оюун-Эрдэнийг хувь заяаг шийдэхээр болоод байна. Гэхдээ МАН-ын 68, ХҮН намын 8, ИЗНН-ын 4, ҮЭ-ийн 4 буюу нийт 84 гишүүн бүрэн гүйцэд нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлж, санал хураалтад оролцоно гэдэг юу л бол.
Ямартай ч гишүүдийн ирцийн талаар parliament.mn сайтад мэдээлснээр одоогийн байдлаар ирцээ бүртгүүлээгүй 13, гадаад томилолттой 2, эмнэлгийн чөлөөтэй 2 гишүүн байна.
Ташрамд дурдахад, гадаад томилолттой хоёр гишүүний нь Х.Баттулга бол ирцэд бүртгүүлээгүй буюу чуулганы хуралдаан тасалсан 13 гишүүний 3 нь МАН-ын гишүүд болох Б.Батцэцэг, Б.Жавхлан, С.Лүндэг нар байна. Мөн Үндэсний эвслийн гишүүн А.Ундраа ирцэд бүртгүүлээгүй байна.
Ийнхүү АН-ын бүлгийнхнээс бусад 84 гишүүн ямар шийдвэр гаргахыг харах үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!