УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй байх нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалтын үеэр чуулганы танхимыг орхин гарна. Санал хураалтад оролцохгүй" гэлээ.
Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд орж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, хариулт авах ч санал хураалтад оролцохгүй юм байна. Гишүүн санал хураалтад оролцоогүй тохиолдолд санал нь эсрэгээс буюу дэмжээгүй хэмээн бүртгэгддэг.
УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Хэрэв бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы хуралдааны ирцэд орсон ч санал өгөхгүй бол энэ тоогоор Ерөнхий сайдын эсрэг кноп тоологдоно гэсэн үг.
Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1-д "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ" хэмээн заасан байдаг.
Тэгэхээр 64 гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэн тохиолдол тэрбээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой. АН-ын бүлгийн 42 гишүүн санал хураалтад оролцохгүй тохиолдолд бусад 84 гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар үлдээх эсэхийг шийдэх нь ээ.
Ташрамд дурдахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтаас өөрийгөө хасуулах санал гаргасан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!