Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал холбооноос гарах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт холбоонд өгсөн юм. Тэгвэл өнөөдөр Сүмогийн Холбоо (JSA)-ны Удирдах зөвлөл хуралдаад түүнийг хүсэлтийг хүлээн авахаар болжээ.
Өдгөө 40 настай М.Даваажаргал энэ сарын 9-нд буюу ирэх Даваа гарагт хэвлэлийн бага хурал хийж, сүмогийн холбоог орхиж байгаагаа албан ёсоор зарлах юм.
Хакүхо мэргэжлийн сүмогийн Дээд зиндаанд 45 түрүүлж, нийт 1,187 даваа авсан гэдгээрээ рекорд тогтоосон билээ. Улмаар тамирчны замналаа 2021 оны есдүгээр сараас өндөрлүүлээд Миягино дэвжээний багшаар ажиллаж эхэлсэн юм.
Харамсалтай нь түүний шавь Хокүсэйхо А.Даваанинж чансаа доогуур хоёр залуу бөхийг дээрэлхдэг байсан нь илэрснээр 2024 оны дөрөвдүгээр сард түүний дэвжээний үйл ажиллагааг зогсоож, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээнд нэгтгэсэн.
Дээрх дуулианы гол эзэн А.Даваанинж сүмогоос зодог тайлсан юм.
Хакүхогийн хувьд маргааш дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөний нээлтэд оролцохоор Монголд ирээд буй. Төв цэнгэлдэхийн гадна талбайд байршуулсан аваргын гэрэлт хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна. Хөшөөний нээлт маргааш буюу энэ сарын 3-нд 11:40 цагаас болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!